Азийн нийгэмлэгийн Их хурал Улаанбаатар хотноо боллоо
2022-08-19 09:47

 

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод эхэллээ.

 

 

“Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжил” сэдэвт энэ Их Хуралд тус Нийгэмлэгийн гишүүн 20 орны Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч зэрэг нийт 30 гаруй төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцож байна.

 

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дарга Н.Чинбат тус Их хурлыг нээж үг хэлэхдээ, “Дэлхий дахинаа Үндсэн хуульт ёсны төлөвшилд Үндсэн хуулийн шүүхийн үүрэг нэн өндөрт тавигдаж, төрийн эрх барих байгууллага, албан тушаалтнуудын хууль дээдлэх ёсны хэмжүүр төдийгүй, үндсэн хуульт ёсны төлөвшлийн баталгаа болж байна.”, “Гэвч дэлхий дахины нийгэм, эдийн засгийн амьдралд шинжлэх ухаан, технологийн хөгжил, цахим харилцааны хэлбэрүүд хүч түрэн нэвтэрснээр хууль дээдлэх зарчим, Үндсэн хууль дээдлэх ёсыг улам бүр төгөлдөржүүлэхийг шаардах боллоо.”

 

 

 “Цаашид улс орнууд өөр өөрсдийн онцлогтой судалгаа, шинжилгээний ажил хийх, харилцан мэдээлэл солилцох сувгийг төрөлжүүлэн сайжруулах, нийгмийн ээдрээ төвөгтэй зарим асуудлын шийдлийг олоход шинжлэх ухааны түвшинд хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа нь Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг улам бүр нөхцөлдүүлж байна. Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хүн төрөлхтөний өв болсон Үндсэн хуульт ёсны талаар шинжлэх ухаан, танин мэдэхүйн болоод практик ойлголтыг хөгжүүлэх шаардлага бий. Иймд энэ чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.“ гэдгийг онцлон хэллээ.

 

 

Их Хуралд оролцогсдод хандаж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уншиж танилцууллаа.

 

Мэндчилгээнд, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, шийдвэр нь Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, ялангуяа Монгол Улсын иргэн бүрд Үндсэн хуульд ёсны суурь үзэл баримтлалыг таниулж төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход баримталдаг томоохон хүчин зүйл болсоор ирлээ.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрүүдэд хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох маргаан олон байгаа нь хүний эрх, эрх чөлөө Цэцийн анхаарлаа хандуулдаг гол цөм асуудал гэдгийг илтгэж байна. Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг баталгаажуулах, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, гишүүн улс хоорондын хамтын ажиллагааг дэмжих, туршлага, мэдээлэл солилцох зорилгоо хэрэгжүүлэхдээ гишүүн орнуудыг нийгэмлэгийн бүх үйл ажиллагаанд нээлттэй оролцуулдаг нь сайн жишиг гэж бид үздэг.” гэдгийг тэмдэглэсэн байна.

 

Нийгэмлэгийн Их Хурлын эхний өдөр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн нээлтийн хурал болж, нийгэмлэгт шинээр гишүүн элсүүлэх, Нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

 

 

Их Хурлын хүрээнд хуралдаанууд болж, “Сорилтын үе дэх Үндсэн хуулийн хяналт”, “Казахстаны Үндсэн хуулийн хяналт: өнөөгийн шатны үйл ажиллагааны зорилт, хэтийн төлөв”, “Цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалахад Үндсэн хуулийн шүүхийн үүрэг”, “Сорилтын үеийн Үндсэн хуулийн хяналт-Хувийн мэдээллийг хамгаалах, Ковид-19 ба хүний эрх, улс төрийн үйл ажиллагаанд шүүхийн зүгээс хяналт тавих нь” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

Энэхүү Их Хурал эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн Нийгэмлэгийн 5 дугаар хуралд оролцохоор, мөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч ноён Юү Нам Сог, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн Зөвлөлийн дарга Кайрат Мами, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арслан нарыг тус тус хүлээн авч уулзаж, хоёр талын Үндсэн хуулийн шүүхүүдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов.

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Ази тивд тогтмол үйл ажиллагаатай Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны байгууллага байгуулах санал гаргалцаж байсан бөгөөд өдгөө 20 улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагыг эгнээндээ нэгтгэж буй тус нийгэмлэгийг 2021-2023 онд  удирдан ажиллаж байна.

 

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал үргэлжилж байна.

 

Shuud.mn
Сонин хачин