Ким Ё Жон: БНАСАУ цөмийн зэвсгээ эдийн засгийн тусламжаар хэзээ ч солихгүй
2022-08-19

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хойд Солонгост хамтран ажиллах, БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болвол эдийн засгийн тусламж үзүүлэх боломжтой гэсэн санал тавьсан юм. Харин энэ саналаас Хойд Солонгос татгалзжээ.

 

Хойд Солонгосын удирдагчийн дүү, Хөдөлмөрийн намын хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон энэ саналыг "дэмий зүйл" хэмээгээд "арьсаа хамгаалахын тулд дуугүй байх нь дээр байсан юм" хэмээн мэдэгдсэн талаар Интерфакс мэдээлжээ.

 

"Цөмийн боловсруулалтаа зогсоож, цөмийн зэвсгээс татгалзвал бидэнд эдийн засаг, хүн амынхаа амьдралыг сайжруулах тусламж өгөх юм гэнэ. Энэ бол утгагүй зүйл" хэмээн Ким Ё Жон мэдэгджээ.Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг "тэнэглэлийн туйл", "бодит байдлаас хол тасарсан" хүн гэж нэрлэсэн байна. 

 

Ким Жон Уны дүү БНАСАУ-ын цөмийн зэвсгийг "агуу сүр хүч" хэмээн нэрлээд үүнийгээ ямар нэг "эдийн засгийн тусламжаар хэзээ ч солихгүй" хэмээн онцолжээ. 

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Солонгосын хойгийг чөлөөлсөн өдөр болох наймдугаар сарын 15-ны өдөр БНАСАУ-тай хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тэрбээр энэ үеэрээ Хойд болон Өмнөд Солонгосын хэлэлцээ нь "улс төрийн шоу биш харин энх тайван бодитоор тогтоход дэмжлэг үзүүлэх ёстой" хэмээн онцолж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ авгай өөрөө л болж байвал ард түмэн зовох огт хамаагүй муухай авгай юмаа
2022-08-20