"Старбакс" шинэ төрхтэйгээр Орост үйл ажиллагаа явуулна

ОХУ Украинд дайн дэгдээснээс хойш дэлхийн орнууд энэ улсын эсрэг хориг тавьж, Орост үйл ажиллагаа явуулж байсан франчайз компаниуд хаалгаа барьсан юм. Эдгээр компаниудын зарим нь Орос эзэнтэй болж, нэр, дүр төрхөө өөрчлөн үйл ажиллагаагаа сэргээсээр байна. Үүний нэг нь "Старбакс" кофешоп юм.
Америкийн "Старбакс" корпораци Орос даяар 130 кофешоптой, үүнд 2000 орчим хүн ажилладаг байжээ. Энэ сүлжээ кофены газрыг Оросын алдарт хип-хоп дуучин Тимати өөр хоёр хүний хамт эзэмшихээр болсон байна.
Ингээд наймдугаар сарын 18-ны өдөр Москва хотын Шинэ Арбат гудамжинд эхний кофешопоо нээжээ. Старбаксын орос хувилбар нь "Старскофе" нэртэй бөгөөд логоны ерөнхий хэлбэр урьдынхтай төстэй, харин лусын дагинын оронд бүсгүйг дүрсэлсэн байна. Энэ бүсгүй нь Орос ардын үлгэрт гардаг Хун гүнж гэж эзэмшигчид нь тайлбарлажээ.
Эхний ээлжинд нэг л кофешопыг албан ёсоор нээсэн, цаашлаад наймдугаар сарын 22-28-ны өдрүүдэд 10 кофешоп, бусад газруудыг есдүгээр сард багтаан нээхээр болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ