Афганистан Оросоос газрын тосны бүтээгдэхүүнийг үзмээр бартердах сонирхолтой
2022-08-19

Афганистан газрын тосны бүтээгдэхүүнийг бартераар худалдан авах боломжийг судлаж байгаа гэнэ. Энэ улс Оросоос авах газрын тосны хариуд ашигт малтмал, үзэм, эмийн түүхий эд нийлүүлэхэд бэлэн байгаа гэж Афганистаны Худалдааны сайд Нуриддин Азизи РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

"Оросын бараа бүтээгдэхүүнийг бартераар авах сонирхолтой байгаа. Энэ схемийг ашиглахгүй гэвэл бид санхүүгийн гүйлгээ ашиглана. Энэ тал дээр бидэнд асуудал байхгүй. Афганистаны эсрэг АНУ, Европын холбооноос ямар ч хязгаарлалт тавиагүй. Афганистан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг мөнгөөр хийж чадна" хэмээн Нуриддин Азизи өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, 2022 оны эцэс хүртэл нэг сая тонн бензин, нэг сая тонн дизель түлш Оросоос худалдан авах хэлэлцээр байгуулахаар Афганистан төлөвлөж байгаа гэнэ.  Энэ бараа бүтээгдэхүүний оронд хатаасан жимс, үзэм, эмийн ургамал нийлүүлэх боломжтой, Афганистан эртнээс л Орос руу үзэм нийлүүлсээр ирсэн, мөн Орост дутагдалтай эмийн ургшамлыг нийлүүлэх боломжтой хэмээн Нуриддин Азизи онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин