Украин, Сири, Дорнод Африкт үзүүлэх тусламжид Их Британи 43 сая доллар зарцуулна
2022-08-19

Их Британи улс Украин, Сири, Дорнод Африкийн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 43 сая доллар зарцуулахаар болжээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яам Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн өдөр болох наймдугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн байна. 

 

Энэ хөрөнгөөс 17,8 сая долларыг Украины 200 мянган дүрвэгчид дэмжлэг үзүүлэхэд зарцуулах бол Дорнод Африкийн хүнсний хомстолд орсон хүмүүст туслах зорилгоор 16 сая долларын тусламж илгээх юм байна. Энэ хөрөнгийг НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөр дамжуулан шилжүүлэх аж.

 

Ташрамд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш наймдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд Украины дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт 10 сая хүн эх орноо орхин гарсан гэж НҮБ мэдэгдсэн юм. Тэднээс таван сая нь Польш, 1,8 сая нь Оросыг зорьсон бол 4,2 сая дүрвэгч эргэн Украинд очжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин