Японы Ерөнхий сайд COVID-19 тусжээ
2022-08-22


Японы  Ерөнхий сайд Фумио Кишида коронавирусийн халдвар авсан талаар Засгийн газар нь мэдээлжээ. Тэрбээр энэ сарын 27-28-ны өдрүүдэд Тунист болох Африкийн хөгжлийн асуудлаарх олон улсын бага хуралд (TICAD) оролцохоор төлөвлөж байсан ч ийнхүү халдвар авсны улмаас төлөвлөгөөгөө цуцалсан байна.

 

Шикоку Телевизийн мэдээлснээр, Японы  Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт амралтаа авч гэр бүлээрээ гэртээ амарч байсан бөгөөд бямба гарагийн шөнөөс эхлэн  халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Улмаар наймдугаар сарын 21-ний өглөө шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Фумио Кишида гэрийн тусгаарлалтад орсон бөгөөд өвчнөө эдгэрэх хүртэл гэрээсээ ажлаа үргэлжлүүлэн хийх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин