Монголын иргэн бусдын түрийвч олоод цагдаад хандаагүйгээсээ болж хэрэгт татагджээ

Аялал зугаалгын улирал хараахан дуусаагүй энэ үед манай улсын иргэд хамгийн ойр улс болох Буриад руу ихээр аялж байгаа юм. Ийнхүү аялах үедээ тухайн орон нутгийн хууль, журмыг мэдэхгүй, эсвэл үл хайхарсны улмаас хэрэг зөрчилд татагдах нь цөөнгүй байна. Өмнө нь Монголын иргэд хилээр гарахдаа их хэмжээний мөнгө авч гаран хураалгаж, захиргааны хэрэг зөрчлийн хуулиар шийтгүүлсэн тохиолдол гарч байсан бол энэ удаад бусдын хаяж гээгдүүлсэн эд зүйлийг олоод, зохих газарт нь хандаагүйн улмаас хэрэгт татагджээ.
Тодруулбал, Буриадын нийслэл Улаан-Үд хотын цагдаагийн газар Монголын 45 настай иргэнийг эрүүгийн хариуцлагад татсан талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 13-ны өдөр Улаан-Үд хотын оршин суугч түрийвчээ гээсэн гэж цагдаагийн газар мэдэгджээ. Тэрбээр Улаан-Үд хотын төвд байх нэгэн худалдааны төвөөр үйлчлүүлж явж байхдаа түрийвчээ гээснээ төвөөс гарахдаа мэдсэн гэнэ. Түүний түрийвчинд 53 мянган рубль (shuud.mn: монгол мөнгөөр 2,3 сая төгрөг), банкны карт, бичиг баримт нь байжээ.
Цагдаагийнхан худалдааны төвд байх ажиглалтын камерын бичлэгийг үзэж, гээгдсэн түрийвчийг нэгэн эр авч байгааг тогтоож, улмаар түүний явсан чиглэлийг олоход тухайн эр ойролцоох буудал руу орсон байна. Буудлын ажилтан камерын бичлэгт үлдсэн эрийг таньсан бөгөөд энэ нь Монголын 45 настай иргэн байсан гэнэ. Тэрбээр Буриадад аяллаар ирсэн байжээ.
Түүнийг саатуулсны дараа тэрбээр гэм буруугаа хүлээж, түрийвчийг мөнгөтэй нь бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Өмнө нь энэ эр эрүүгийн хэрэгт татагдаж байгаагүй нь тогтоогдсон гэж Улаан-Үдийн цагдаагийн газар мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ.
Сэжигтэнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр эрүүгийн хэрэг үүсгэж, хил гарч явахгүй байх бичигт гарын үсэг зуруулсан, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Энд дуулгахад, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн хоёрт заасан гэмт хэрэг гэдэг нь бусдын бага хэмжээний эд хөрөнгийг завшсан хэрэг зөрчил аж. Энэ заалтын дагуу сэжигтэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол 40 мянга хүртэлх рублийн хэмжээтэй торгууль эсвэл 180 цаг хүртэлх албадан ажил хийлгүүлэхээс эхлээд нэг хүртэлх жилийн хугацаагаар хорих хүртэл шийтгэл ноогдуулдаг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ