Эрдоган: Крымийг Украинд буцааж өгөх ёстой
2022-08-24

Украины нийслэл Киев хотноо болсон "Крымийн тавцан" цахим дээд хэмжээний уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцлоо. Тэрбээр цахимаар оролцон үг хэлэхдээ Крымийн хойгийг Украинд эргүүлэн өгөх ёстой гэж мэдэгдсэн талаар Anadolu агентлаг мэдээлжээ.

 

"Олон улсын эрхзүйгээр Крым бол Украины нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг бөгөөд энэ хойгийг Украинд эргүүлэн өгөх ёстой" хэмээн Туркийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн Крымийг эзлэн түрэмгийлснийг Турк улс хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй хэмээн цохон тэмдэглэсэн байна 

 

Түүний өгүүлснээр, Крымийн хойгийг эргүүлэн өгөх нь бүс нутгийн төдийгүй дэлхий дахины аюулгүй байдал, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад нэн чухал гэнэ.

 

Энд дуулгахад, Украинд 2014 онд улс төрийн хямрал нүүрлэж, зарим муж, нутаг Оросын нөлөөн дор салан тусгаарлах ажиллагаа эхлүүлсэн. Эдгээрийн нэг нь Крымийн хойг бөгөөд 2014 оны гуравдугаар сард энэ хойгт олон нийтийн санал асуулга явагдаж, Оросын бүрэлдэхүүнд орохоор болсон юм. Үүнийг дэлхий дахин "Оросын эзлэн түрэмгийлэл", "Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан" гэж үзэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд тавьж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин