Зеленский: Оросууд төмөр замын өртөөнд пуужингийн цохилт өгсний улмаас олон хүн амиа алдлаа

Оросын арми Украины Днепропетровск мужийн Чаплино төмөр замын өртөөнд пуужингийн цохилт өгсний улмаас 15 хүн амиа алдаж, 50 хүн шархаджээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 24-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд цахимаар оролцон үг хэлэхдээ мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Оросын армийн цохилтын улмаас Чаплино өртөөн дээр зорчигч тээврийн дөрвөн вагон шатсан байна. "Аврагчид ажиллаж байна. Харамсалтай нь амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй. Бид өдөр бүр л ийм байдлаар амьдарч байна. Орос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд ийм байдлаар л бэлдэж" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
"Украины үнэн" сонины мэдээлснээр, наймдугаар сарын 24-нд бүтэн өдрийн туршид Украин даяар агаарын түгшүүрийн дохио дугарсан байна. Пуужингийн цохилтын талаарх мэдээлэл гарахаас өмнө Днепропетровск мужид Оросын цэргүүдийн халдлагын улмаас нэг хүүхэд амиа алдсан гэж Украины хэвлэлүүд мэдээлж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ