Япон Шинзо Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд 1,8 сая доллар зарцуулна
2022-08-25

Японы Засгийн газар Ерөнхий сайд асан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслолд 250 сая иен (1,8 сая доллар) зарцуулахаар төлөвлөж байгаа талаар Kyodo агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, төрийн оршуулгын ёслолын зардлын эцэслэсэн дүнг наймдугаар сарын 26-ны өдөр сайд нарын танхимын хуралдаанаар батлах юм байна. Энэ мөнгийг байр сууц түрээслэх, коронавирусээс хамгаалах хэрэгсэл худалдан авахад зарцуулах юм байна.

 

Японы Засгийн газрын тооцоолж байгаагаар, Шинзо Абэг оршуулах ёслолд 6,4 мянган хүн оролцох аж. Төрийн ёслолд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон бусад өндөр албан тушаалтнууд оролцох юм байна. 

 

Эргэн сануулахад, ерөнхий сайд асан Шинзо Абэ долдугаар сарын наймны өдөр гудамжинд болсон цуглаан дээр үг хэлж байх үедээ буудуулж, амиа алдсан юм. Долдугаар сарын 12-ны өдөр Токио хотод түүний ар гэр, хамтран зүтгэгчид нь салах ёс гүйцэтгэсэн бол есдүгээр сарын 27-ны өдөр төрийн оршуулгын ёслол болох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин