АНУ-ын хөлөг онгоцууд Тайванийн хоолой руу нэвтэрчээ
2022-08-29

Хятадын эсэргүүцлийг үл хайхран Америкийн цэргийн хоёр хөлөг онгоц Тайванийн хоолой дахь олон улсын хэсгээр нэвтэрсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси айлчилсны улмаас Тайвань, Хятадын хооронд хурцадмал байдал үүссэнээс хойших анхны энэ төрлийн тохиолдол юм. Ийнхүү хоёр хөлөг онгоц Тайванийн хоолойд нэвтэрсэн нь олон улсын бүсэд чөлөөтэй зорчих зарчмыг баримталдаг гэдгээ харуулсан хэрэг хэмээн Вашингтон мэдэгджээ.

 

"Эдгээр хөлөг онгоцууд аливаа эрэг дагуух орны нутаг дэвсгэрээс ангид оршдог хэсгээр хөвсөн. Америкийн цэргүүд олон улсын эрхзүйгээр зөвшөөрөгдсөн бүхий л газарт нисэж, хөвж, үйл ажиллагаа явуулна" хэмээн Японд байршилтай АНУ-ын Долдугаар флот мэдэгдсэнийг CNN агентлаг дамжуулсан байна.

 

Эдгээр хөлөг онгоц бямба гарагт Тайванийн хоолойгоор нэвтэрсэн бөгөөд эдгээр нь ажиллагаа гүйцэтгэж байгаа, 8-12 цаг үргэлжилнэ, хөлөг онгоцуудыг Хятадын цэргүүд анхааралтай ажиглаж байгаа хэмээн Америкийн нэрээ нууцалсан албан тушаалтнууд Ройтерс агентлагт ярьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин