Олон улсын атомын энергийн агентлагийнхан Запорожийн АЦС-ыг зорилоо

Украины Запорожийн атомын цахилгаан станц өдгөө Оросын цэргүүдийн хяналтад байгаа бөгөөд энэ станцын нутаг дэвсгэр дээр наймдугаар сарын тавны өдрөөс эхлэн буун дуу гарч, үүнд талууд нэгнээ буруутгаж байгаа бол дэлхий дахинд энэ станц дээр осол гарч, "хоёр дахь Чернобыль болох вий" гэсэн болгоомжлол төрөөд байгаа юм.
Тиймээс энэ станцын аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдлын нөхцөлд үнэлэлт дүгнэлт хийхээр Олон улсын атомын энергийн агентлаг ажиллахаар болж байлаа. Улмаар энэ агентлагийн 13 хүн бүхий төлөөлөгчдийн баг Запорожийн атомын цахилгаан станцыг зорьжээ. Тэд хэд хоногийн дараа зорьсон газраа хүрнэ гэж Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси Твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
"Бид Украин болон Европын хамгийн том цөмийн объектын аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ ажиллагааг тэргүүлж байгаагаараа бахархаж байна" хэмээн Гросси бичжээ.
Запорожийн АЦС нь Европ дахь хамгийн том станц юм. Энэ станц гуравдугаар сард Оросын цэргүүдийн хяналтад орж байлаа. Харин наймдугаар сарын тавны өдөр энэ станц дээр гал гарсан талаарх мэдээлэл гарсан бөгөөд АЦС-д Украины арми артиллерийн цохилт өгсөн гэж Запорожийн удирдлагууд мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ