Дайн эхэлснээс хойш Украинд ирсэн Холливудын жүжигчдийг Зеленский шагнажээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш Украиныг дэмжсэн гадаадын алдартнуудад төрийн шагнал хүртээх зарлиг гаргажээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгдсэнийг "Медуза" дамжуулсан байна.
"Владимир Зеленский биднийг анхнаас нь дэмжиж ирсэн Украины найз нөхдийг төрийн шагналаар шагнасан. Майкл Макфол (shuud.mn: АНУ-аас ОХУ-д сууж байсан элчин сайд), Демна Гвасалия (shuud.mn: загвар зохион бүтээгч), Шон Пенн, Бен Стиллер, Лив Шрайбер, Жессика Честейн (shuud.mn: жүжигчид) болон бусад олон хүнд талархал илэрхийлье" хэмээн Ермак Твиттер хуудсандаа бичжээ.
Зеленский дээрх хүмүүст төрийн шагнал хүртээх тухай зарлигт наймдугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан байна. Энэ зарлигийн дагуу МакфолГвасалия, Пенн, Стиллер, Шрайбер нарт гуравдугаар зэргийн "Гавьяаны одон", харин Честейнд их гүнгийн авхай Ольгагийн нэрэмжит, гуравдугаар зэргийн одон гардуулахаар болжээ.
Түүнчлэн бусад төрийн шагналаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Италийн Ерөнхий сайд Марио Драги, "Байрактар" дрон үйлдвэрлэгч компанийн захирал Халук Байрактар, Imagine Dragons хамтлагийн гишүүд шагнагдсан байна.
Шон Пенн, Бен Стиллер, Лив Шрайбер болон Жессика Честейн нарын жүжигчид Украинд дайн эхэлснээс хойш ирж байсан бол Демна Гвасалия болон Imagine Dragons хамтлагийн гишүүд Украинд хандив цуглуулах United24 аяны элч болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ