24tv: Дайнд амиа алдсан буриадуудыг оршуулах зардлыг ар гэр нь гаргаж байна

Орос, Украины дайнд амиа алдсан цэргүүдийн цогцосыг зөөх тээвэрлэлтийн систем нь ачааллаа дийлэхгүй, “Ачаа 200”-г Сибирь рүү зөөх онгоцууд олноор эвдэрч байгаа гэж Украины 24tv мэдээлжээ.
Украины тусгай албадаас авсан эх сурвалжтайгаар 24 суваг мэдээлэхдээ дайны талбарт амиа алдсан цэргүүдийнхээ цогцосыг зөөхийн тулд Оросын эрх баригчид хувийн агаарын тээврийн компаниудыг шахалтад оруулж байгаа хэмээн онцолсон байна.
ОХУ Украинд асар их хохирол амссан тул хувийн компаниудыг “Ачаа-200”-г зөөхийн тулд албадаж байгаагийн дээр ямар ч төлбөр төлөөс өгөхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Ачаа 200 гэдэг нь цэргийн алба хаагчийн цогцосыг оршуулах газарт хүргэх тээвэрлэлтийн үеийн код нэршил юм.
24 сувгийн мэдээлснээр, Оросын зах хязгаар нутгууд руу цогцос зөөх ажил эрс нэмэгдсэн тул агаарын тээврийнхний ачаалал эрс өссөн гэж Украины тусгай албад мэдээлжээ. Мөн хувийн агаарын тээврийн компаниудыг албадан цэргийн зориулалтаар ашиглах болсон нь төсөв болон тээврийн ачааллыг ихээхэн бууруулсан гэнэ.
Хувийн компаниудыг албадах болсон нь “Ачаа 200” тээвэрлэх онгоцууд ямар ч зогсолтгүй шахам нислэг үйлдэж байгаагийн улмаас олноо эвдрэх болсон байна. Гэвч сэлбэг хэрэгсэл хангалтгүй тул нислэгийн паркад засвар үйлчилгээ хийх боломжгүй байгаа аж.
Тиймээс хувийн компаниудыг дайчлах болсон бөгөөд харин төрөөс тэдэнд ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүй байгаа, цаашдаа Оросын агаарын тээвэрлэгчид эхнээсээ дампуурлаа зарлаж магадгүй гэж Украины хэвлэл мэдээлжээ.
Буриадуудыг оршуулах зардлыг ар гэр нь гаргаж байна
24 сувгийн энэхүү нийтлэлд, Оросын алслагдмал бүс нутгуудад дайнаас болж олон нийтийн дургүйцэл нэмэгдэж байгааг онцолсон байна. Хэдийгээр хөлс мөнгө авч Украин руу дайтахаар явахад бэлэн сайн дурынхны тоо нэмэгдэж байгаа ч Сибирь, Алс Дорнодын оршин суугчид өдрөөс өдөрт дайны хор уршгийн талаар ойлгож эхэлж байгаа хэмээн нийтлэлд өгүүлжээ.
“Байлдааны ажиллагаа эхлэх үед дайны талбарт амь үрэгдсэн цэргүүдийн цогцосыг бүс нутгийн төсвийн мөнгөөр авчирж, оршуулж байсан бол мөнгө нь тун хурдан дууссан. Тиймээс якут болон буриад цэргүүдийг оршуулах зардлыг ар гэрийнхэн нь төлж байгаа. Зарим ар гэр амиа алдсан үр хүүхэд, эр нөхрийнхээ оронд олон сая рубль авна гэж тооцоолж байсан ч талаар болж байна” хэмээн нийтлэлд өгүүлжээ.
24 сувгийн мэдээлснээр, Орост амиа алдсан цэргүүдийн нөхөн төлбөрт олон сая рубль амлаж байгаа ч газар дээрээ төлбөр саатаж, харин талийгаачаа оршуулах зардал оросуудад ихээхэн хүнд тусаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ