Ковидтой тэмцэхийн тулд Хятадын олон сая хүнтэй хотуудад хөл хорио тогтоож байна

Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдээд гурван жил орчим болж, дэлхийн улс орнууд шинэ нөхцөлд дасан зохицож, хатуу хязгаарлалтаа цуцлаад багагүй хугацаа өнгөрч байхад Хятадын эрх баригчид коронавирусийн халдварын тархалттай тэмцэхийн тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн хэвээр байна.
БНХАУ-ын эрх баригчид "тэг ковид" зарчим баримталж байгаа тул цөөн тохиолдол илэрсэн ч хөл хорио тогтоож, бүх нийтийг шинжилгээнд хамруулж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л томоохон боомт хот болох, зургаан сая хүн амтай Далянь хотын гол дүүргүүдэд есдүгээр сарын дөрөвний өдрийг хүртэл хөл хорио тогтоожээ. Түүнчлэн Бээжинэгэс 200-300 км зайд орших 3,4 сая хүн амтай Чэндэ, 11,2 сая хүн амтай Шижяжуан хотуудад ч зорчих хөдөлгөөнийг хязгаарласан гэж CCTV наймдугаар сарын 30-ны өдөр мэдээлжээ.
Үүний зэрэгцээ, Хятадын "цахиурын хөндий" гэгддэг, 17,4 сая хүн амтай Шэньжэн хотын хэд хэдэн дүүрэгт дахин хөл хорио тогтоосон бол 13,8 сая хүн амтай Тяньжин хотын оршин суугчид бүгд коронавирусийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай болжээ. Энэ бүх хатуу арга хэмжээ нь 1,4 тэрбум хүн амтай Хятадад мягмар гарагт ердөө 349 халдварын тохиолдол илэрсэнтэй холбоотой юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ