Л.Оюун-Эрдэнэ хаалгаар гаргасан сайд нараа тооноор орууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, хүчээ зузаатгалаа. Тэрбээр намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд УИХ-ын гишүүдийг кабинетдаа оруулж, 2024 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа оров.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн шинэ сайд нарыг томилох тухай УИХ-д танилцуулахдаа “Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэхээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчилж буй”-гаа онцолж байв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгаалах бодлого барьсан бол одоо давшлах гэнэ. Ингэхдээ танхимын зургаан сайдаа намын удирдлага, УИХ-ын гишүүдээр сольж, шинээр байгуулсан хоёр яамаа сайдтай болгов. Бас яамгүй хоёр ч сайдыг томиллоо.
Ингэж өчигдөр хаалгаар гаргасан сайд нараа Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тооноороо орууллаа. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийж, хуучин сайд нарыг ажилтай болгожээ. Тухайлбал,
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа Ерөнхий сайдын ахлах зөвлөх
-
ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийн удирдагч
-
УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон “Эрдэнэт” үйлдвэрийн дарга
-
ЭХ-ий сайд асан Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
-
Зам тээврийн сайд асан Л.Халтарыг ЗТХЯ-ны дэд сайдаар ажиллахаар болжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийг эс тооцвол бусад чөлөөлөгдсөн сайд нар Л.Оюун-Эрдэнийн багт эргэн орлоо.
Ажилладаг л юм бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хангалттай хүч хуримтлагдлаа. Намын удирдлага, УИХ-ын гишүүдээр хүч нэмж, ажил, асуудлаа мэддэг сайд нараа гүйцэтгэх албанд томиллоо. Танхимын бүрэлдэхүүндээ УИХ-ын 12 гишүүнийг багтааснаар асуудал нь парламентад унахааргүй болов. Эрх баригч намын хүчийг харуулахад дутах зүйлгүй гэсэн үг. Хоёр удаагийн сонгуульд олонх болж, төрийн бүхий л эрх мэдлийг атгаж байгаа МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж, 2024 оны сонгуульд яаж бэлдэхийг нь харах л үлдлээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ