Сербийн Ерөнхийлөгч эрчим хүч хэмнэх үүднээс хөргөгч ашиглахаас таталзжээ
2022-08-31

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич цахилгаан эрчим хүчээ хэмнэхийн тулд хөргөгч болон гэрэлтүүлэх төхөөрөмжүүдийн ихэнхийг унтраажээ. Энэ нь тус улсад цахилгаан эрчим хүчний үнэ өсөж байгаатай холбоотой гэж РИА Новости мэдээлсэн байна. 

 

"Өөрийнхөө амьдардаг давхрын гэрлүүдийг бүгдийг нь унтраасан, та бүхэнд харуулахад ч бэлэн. Энэ өрөөнд та нар байгаа учраас гэрлээ унтрааж болохгүй байна. Харин тэнд бүх гэрэл, тэр бүү хэл миний ус, ундааг хөргөдөг байсан хөргөгчийг ч унтраасан байгаа" хэмээн Вучич сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ярьжээ.

 

Тэрбээр цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтийг "хэвийн бус", "байж боломгүй" хэмээн нэрлээд, улс орондоо эрчим хүч хэмнэхэд нь чадах хэрээрээ туслахыг хичээж байна хэмээн онцолжээ.

 

Баруун Балканд долдугаар сарын сүүлээс аагим халуун өдрүүд тохиож, улмаар нүүрс тээвэрлэлтэд хүндрэл гарч, Дунай мөрний усны төвшин багассаны дээр эрчим хүчний хэрэглээ эрс өссөн. Тиймээс эрчим хүчний хямралтай холбоотойгоор 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сербид онц байдал тогтоосон юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин