Дайны 189 дэх өдөр: ЕХ Оросын иргэдэд хялбаршуулсан журмаар виз олгохгүй
2022-09-01

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Орос Украинд дайн өдүүлж, наймдугаар сарын 31-ний өдөр энэ дайны 189 дэх өдөр өнгөрлөө. Энэ өдөр дайны эргэн тойронд болсон үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна. 

 

ЕХ, ОХУ-ын хоорондын визийн хэлэлцээрийг зогсооно 

 

Европын холбоо Оростой хийсэн хялбаршуулсан байдлаар виз олгох журмыг бүрэн зогсооно гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдлээ. Гэхдээ Оросын бүх иргэдэд Европын виз олгохыг бүрэн хориглохгүй юм байна. 

 

Оросын бүх иргэдэд виз олгохыг хориглох саналыг Герман, Франц улс эсэргүүцэж байлаа. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок Европын холбоо Путиний дэглэмд шүүмжлэлтэй ханддаг ОХУ-ын иргэдийг дэмжих боломжийг боомилж болохгүй хэмээн онцолсон юм. 

 

Харин Эстони улс ойрын үед ихэнх оросуудыг нутаг руугаа нэвтрэхийг хориглохоор төлөвлөж байна. Энэ талаар тус улсын гадаад хэргийн сайд Урмас Рейнсалу мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчид Киевээс хөдлөв 

 

Наймдугаар сарын 31-ний лхагва гарагт Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчид Киев хотоос Запорожийн АЦС-ыг зорин хөдөлжээ. Ингээд мөн өдрийнхөө 15 цагт Запорожьед ирсэн байна. Харин тэд АЦС байрладаг, одоо Оросын хяналтад орсон Энергодарт хэзээ очих нь тодорхойгүй байгаа юм. 

 

Наймдугаар сарын 31-ний өдөр атомын цахилгаан станцын орчимд дахин буудалцаан болсон бөгөөд талууд олон улсын шинжээчид хяналт тавих ажилд саад болсон гэж нэгнээ буруутгажээ. 

 

Байлдахаас татгалзсан орос цэргүүдэд Украин тусгай хөтөлбөр санал болгов 


Украинд дайтахаас татгалзах Оросын цэргүүдэд зориулан тусгай хөтөлбөр гаргахыг Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба санал болгожээ. 


“Амиа аварч, зугт. Зэвсгээ хая, Украины цэргүүдэд бууж өгөөд, шинэ амьдрал эхлүүл гэж Оросын цэргүүдэд уриална. Ийм санал гаргавал үр дүнтэй гэдэгт би итгэлтэй байна. Нэг орос цэрэг зэвсгээ хаяж, дайнаас явбал энэ нь нэг украин хүний амийг аварч, энх тайвныг ойртуулах юм” хэмээн Кулеба Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Түүнчлэн тэрбээр ЕХ-д хандан оросуудад визний хориг тавихыг дахин уриалсан байна. ОХУ-ын ихэнх иргэд Украины эсрэг “эзлэн түрэмгийлсэн, үй олноор хөнөөсөн дайныг дэмжиж байгаа” тул визний хориг зүй ёсны арга хэмжээ гэж Кулеба цохон тэмдэглэжээ. 

 

Орос санал асуулга явуулвал АНУ хориг тавина 


ОХУ Украины зарим нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож, улмаар эдгээр нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах олон нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа юм.АНУ-ын мэдэгдэж байгаагаар, ийм санал асуулгуудыг ойрын үед зохион байгуулж болзошгүй гэнэ. Тиймээс санал асуулгыг явуулдаг л юм бол Оросын эсрэг дахин хориг тавина гэж АНУ  анхааруулжээ. 

“Эдийн засгийн арга хэмжээ төдийгүй бусад арга ч Америкийн эрх баригчдад бий” хэмээн Төрийн департаментын төлөөлөгч Ведант Патель мэдэгдсэн байна. 

Энд дуулгахад, Оросын цэргүүд Украины Херсон, Запорож мужуудад хэсэгчилсэн хяналт тогтоож, улмаар эдгээр нутагт ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах олон нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа. Үүний зэрэгцээ Оросын паспорт олгож, дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг өөрчлөн, Оросын сургалтын системтэй уялдуулсны дээр төгсөгчдөд ОХУ-ын жишиг боловсролын гэрчилгээ олгож, бүх хичээлийг орос хэл дээр заахаар болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросууд санал асуулга явуулах нь тодорхой байх аа, харин АНУ-ын нэмэлт хориг хэр бодитой юм байх юм бол доо, өмнөх хоригууд нь ивануудад нэг их бодитой нөлөөлөхгүй л байх шиг
2022-09-01
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-09-01
Финлянд оросуудыг евро авч гарахыг хориглосон байна. Хил дээр түр хураалгаад дараа орж ирэхдээ ав, эсвэл буцаж ороод зарцуул гэх болж. Манайх бас ингэмээр юм. Оросууд орж ирээд валютын нөөц багассан гээ биз дээ. Аль хавраас хүмүүс сануулаад байсан. Монголбанк юу хийж байна
2022-09-01