НҮБ Хятадыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгав

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газар Хятадын эрх баригчдыг уйгурчууд болон голчлон мусульманчуудын эрхийг ноцтой зөрчдөг хэмээн буруутгажээ. Энэ талаарх илтгэл тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн байна.
Илтгэл нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орон дахь хүний эрхийн асуудлыг хөндсөн байна. Энэ бүс нутагт үндэстний цөөнхүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй адилтгахуйц явдал гэж хүний эрхийн байгууллагынхан онцолжээ.
"Албадан эмчилгээ, хүнд нөхцөлд хорьж цагдах зэргээр тамлах, хэрцгий хандах явдал, бэлгийн хүчирхийлэл, хүйсийн ялгаварлал" үндэстний цөөнхийн дунд байгаа нь нэн хурцадмал асуудал гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын илтгэлд онцолжээ.
Харин Бээжин ийн буруутгасныг няцааж, Женев дахь НҮБ-ын дэргэдэх Хятадын байнгын төлөөлөгч энэ илтгэлийг хуурамч гээд энэ үйлдлийг улс орны дотоод хэрэгт оролцсон явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ