Аргентины дэд ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завджээ
2022-09-02

Аргентины дэд Ерөнхийлөгч Кристина Киршнер рүү зэвсэгт этгээд буудахыг завджээ. Халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан, дэд ерөнхийлөгч гэмтээгүй гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг есдүгээр сарын нэгэнд, Буэнос-Айрес дахь дэд ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо болжээ. Тухайн үед Киршнер дэмжигчидтэйгээ ярилцаж байх үед цугласан олны дундаас нэгэн эр Киршнер рүү буу чиглүүлж, гохон дээр дарахад буу нь гацсан байна. 

 

Дэд Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан эр нь 35 настай, Бразилийн иргэн Фернандо Андрес Сабаг Монтьель гэгч байсан бөгөөд тэрбээр Вersa Thunder 380 буугаар зэвсэглэсэн байжээ. Өмнө нь тэрбээр машиндаа хүйтэн зэвсэг авч явсан хэргээр 2021 онд шийтгүүлж байсан аж.

 

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес энэ халдлагыг "ардчилал сэргээснээс хойших хамгийн хүнд үйл явдал" хэмээн нэрлээд есдүгээр сарын хоёрны өдрийг ажлын бус өдөр болгон зарласан байна. Ардчилал, амь насыг хамгаалах, дэд ерөнхийлөгчтэйгээ үргэлж хамт гэдгийг илэрхийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан хэмээн тэрбээр онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин