Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцсэн жагсаал Прага хотод болжээ

Есдүгээр сарын гуравны бямба гарагт Прага хотын төвд Чехийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд олон мянган хүн нэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Жагсаалд оролцогчид Украиныг дэмжих, Оросын эсрэг хориг тавихыг эсэргүүцсэн тул жагсаалыг "оросууд зохион байгуулсан байж болзошгүй" гэж Чехийн Ерөнхий сайд Петр Фиала мэдэгдсэн байна.
Цагдаагийнхны мэдээлснээр, жагсаалд 70 мянга орчим хүн оролцсон ч тайван болж өнгөрсөн гэнэ. "Чех нэгдүгээрт" гэх уриан дор явагдсан энэ эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Европын холбоо болон НАТО, Ерөнхий сайд Петр Фиала, эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлтийн эсрэг утга бүхий лоозон барьж, Оростой төвийг сахисан байр сууринаас, яриа хэлэлцээ хийж хандахыг уриалжээ.
Энэ жагсаалыг хэд хэдэн улс төрийн нам, байгууллага, тэр дундаа Чехийн Коммунист нам, Триколор хөдөлгөөн зохион байгуулсан гэж DW мэдээлсэн байна. Жагсагчид Ерөнхий сайд Петр Фиалагийн засгийн газрыг барууныг баримталсан бодлого хэрэгжүүлж, өөрсдийн иргэдээс илүү Украинд анхаарал хандуулж байгааг шүүмжлэн, засгийн газрыг огцрохыг шаарджээ. Түүнчлэн, хий, газрын тос худалдан авах талаар Оростой хэлэлцээ хийхийг хүссэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ