Монгол, Хятад оролцож байгаа ОХУ-ын сургуулилалтад Япон харамсаж байгаагаа илэрхийлэв

ОХУ Монгол, Хятад зэрэг орнуудын төлөөлөгчдийг оролцуулсан "Восток-2022" цэргийн сургуулилалтыг хийж байгаа. Энэ сургуулилалтыг Орос, Японы хооронд газар нутгийн маргаантай байдаг Кунашир, Итуруп арлууд дээр хийж байгаад ихээхэн харамсаж байгаагаа Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно илэрхийлжээ.
"Манай улсын эсэргүүцлийг үл тоомсорлон, хойд нутгуудад Орос цэргийн сургуулилалт хийж байгаад ихээхэн харамсаж байна" хэмээн Мацуно мэдэгдсэн байна. Түүнчлэн Токио сургуулилалтын явцыг анхааралтай ажиглаж, "зохих ёсоор хөдөлнө" хэмээн цохон тэмдэглэжээ.
Энэ сургуулилалт эхлэхээс өмнө долдугаар сарын 27-ны өдөр, "Оросын тал хойд нутгуудад цэргийн сургуулилалт явуулах нь Оросын байр суурьтай үл нийцэх, байж болшгүй хэрэг" хэмээн Япон улс ОХУ-д дипломат сувгаар дамжуулан эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн энэ үед Курилийн арлуудын бүс нутгийг сургуулилалт явуулах бүсээс хасахыг шаардсан аж.
Энд дуулгахад, ОХУ-аас зохион байгуулж буй "Восток-2022" стратегийн команд штабын сургуулилалт есдүгээр сарын 1-7-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд үүнд Хятад, Казахстан, Энэтхэг, Тажикистан, Монгол болон бусад орны цэргийн алба хаагчид оролцож байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ