ОХУ-ын зэвсэг нийлүүлэлтийн талаар бичсэн сэтгүүлч 22 жилийн ял сонслоо
2022-09-06

Оросын "Коммерсант", "Ведомости" агентлагуудын тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан сэтгүүлч Иван Сафроновыг Москва хотын шүүх төрөөс урвасан гэмт хэрэгт буруутгаж, хатуу дэглэмтэй хорих ангид 22 жил хоригдох ял оноожээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Иван Сафроновыг 22 жил хорихоос гадна 500 мянган рублийн торгууль оноожээ. Түүний өмгөөлөгчид давж заалдах төлөвлөгөөтэй байгаа гэж Интерфакс мэдээлсэн байна. 

 

Сэтгүүлч Сафроновт оноосон ялыг танилцуулах хуралд олон хүн ирснээс 20 орчим хүнийг шүүхийн танхим руу оруулжээ. Сафроновын зургийг авахыг хориглосон бөгөөд зураг авсан хүмүүсийг зургаа устгахыг шүүгчид хүсэж байсан гэнэ. Ингээд ялыг танилцуулсны дараа Иван Сафроновыг дэмжихээр ирсэн хүмүүс "Ваня, бид чамд хайртай!", "Чи ийм удаан суухгүй" хэмээн хашгирч байсан талаар ВВС мэдээлжээ.

 

"Би ямар ч тагнах чагнах ажил хийгээгүй, харин сэтгүүлзүйн ажлаа хийж явсан" хэмээн Сафронов шүүх дээр өгүүлсэн байна.

 

Сафрановын хэрэг 

 

Өдгөө 32 настай Иван Сафронов урьдчилан саатуулах төвд хоёр жил хоригдож байгаа юм. Түүнийг 2020 оны долдугаар сард төрөөс урвасан хэрэгт буруутган баривчилжээ. 

 

Тухайн үед тэрбээр "Роскосмос"-ын тэргүүн Дмитрий Рогозины зөвлөхийн албан тушаалд очоод хэдхэн сар болж байсан гэнэ. Үүнээс өмнө "Коммерсант" сонины тусгай сурвалжлагчаар 10 жил, дараа нь "Ведомости" сонинд ажиллаж байжээ. Сафронов Оросын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн цогцолбор, сансрын салбар, Оросын зэвсгийн экспорт, Орос болон гадаад түншүүдийн цэрэхг техникийн хамтын ажиллагааны талаар бичдэг байсан гэнэ.

 

Оросын Холбооны аюулгүй байдлын алба түүнийг гадаадын тусгай албадад нууц мэдээлэл дамжуулсан гэж буруутгасан ч чухам ямар мэдээлэл дамжуулсан талаар огт зарлаагүй юм. Төрийн нууц гэж үзсэн учраас өмгөөлөгчдөд нь ч энэ талаар мэдээлээгүй гэнэ.

 

Өнгөрсөн сард "Проект" сонин Сафроновын хэргийн яллах дүгнэлтийг нийтлэж байв. Үүнд өгүүлснээр, сэтгүүлч Сафроновыг Чехийн иргэн Мартин Лариш, Германы улс төр судлаач Демури Воронин нарт Орос Ливи, Алжир, Серби болон Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудтай харилцах цэрэг техникийн хамтын ажиллагаа, Сири дэх Оросын цэргийн ажиллагааны талаарх долоон файл дамжуулсан гэнэ. Оросын Холбооны  аюулгүй байдлын алба Лариш болон Воронин нарыг гадаадын тагнуулын ажилтнууд гэж үздэг аж.

 

Мөн энэ яллах дүгнэлтээс харахад сэтгүүлч Сафроновт нууц мэдээлэл дамжуулсан гэх нэг ч албан тушаалтныг мөрдөн байцаагчид олоогүй байна. Харин Холбооны аюулгүй байдлын албанаас төрийн нууц гэж үзэж байгаа мэдээлэл нь нээлттэй эх сурвалжаас авч болохуйц мэдээлэл байсан гэж "Проект" бичжээ.

 

Москва хотын шүүх Сафроновын хэргийг дөрөвдүгээр сараас эхлэн хэлэлцэж, бүх шүүх хурал хаалттай горимоор явагдсан байна. Сафронов гэм буруугаа хүлээгээгүй, мөн мөрдөн байцаагчидтай тохиролцохоос татгалзжээ. Сафроновыг гэм буруугаа хүлээвэл 12 жилийн ял оноох саналыг прокурор тавьсан ч тэрбээр татгалзсан гэж яллагч тал Сафроновт 24 жил ял оноох санал гаргасны дараа Сафроновын өмгөөлөгч мэдэгдэж байв. 

 

Оросын эрх баригчид Сафроновын хэргийг сэтгүүлчийн ажилтай нь хамааралтай гэж үзэж байгааг эрс няцаадаг. Гэхдээ түүний 2019 онд гаргасан нийтлэлээс үүдэлтэй шуугиан дэгдсэний дараа төрөөс урвасан гэх хэрэг үүсгэсэн гэж ВВС агентлаг онцолсон байна.

 

Энэ нийтлэлд Орос Египетэд Су-35 нийлүүлэхээр болсон талаар өгүүлсэн бөгөөд нийтлэлийг томоохон агентлагууд иш татан мэдээлжээ. Харин үүний дараа Египетээс Оросын талд хаягласан, цэргийн хамтын ажиллагааг ил дэлгэх шаардлагагүйг анхааруулсан захидлууд ирсэн гэнэ. Түүнчлэн Орос, Египетийн хамтын ажиллагааны талаар хэвлэлд нийтлэгдэх нь "хоёр талын харилцаа, гэрээнд сөргөөр нөлөөлж, тааварлашгүй үр дүнд хүргэж болзошгүй", "нийтэд хамтын ажиллагааны талаар дэлгэгдсэнээс үүдэх хариуцлагыг ОХУ бүрэн хүлээх"-ийг анхааруулж байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Гадаадын тагнуул, эх орноо худалдсан хүний хувь заяа нь имэрхүү шүүдээ.
2022-09-06
Зочин:
Эцэг Иван нь бэлтгэл хурандаа, мөн сэтгүүлч хийж байгаад сэжиг бүхий байдалтай амиа алдсан. Энэ бол Орос орон шүү дээ
2022-09-06