Япон ОХУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Курилийн арлуудад япончууд хөнгөлөлттэй журмаар зорчих хэлэлцээрийг цуцалсан ОХУ-д Японы Засгийн газар эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдсэнийг РИА Новости дамжуулсан байна.
"Энэ шийдвэртэй холбоотойгоор бид шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн Хироказу Мацуно онцолжээ.
Оросын талын энэ шийдвэрийг Японы Гадаад хэргийн сайд Есимаса Хаяси "ор үндэслэлгүй, байж болшгүй" хэмээн нэрлэсэн байна. Тэд Украинтай холбоотойгоор хориг арга хэмжээ тавьсан, гэтэл ОХУ хоёр талын харилцаатай холбоотой шийдвэр гаргахдаа "Японд хариуцлага үүрүүлэхээр оролдож байна" хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Курилийн арлуудын оршин суугч асан, Японы иргэд эдгээр арлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих тухай Японтой хийсэн хэлэлцээрээ Орос цуцалсан талаарх мэдээлэл есдүгээр сарын зургааны өдөр гарсан юм. ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр өмнө нь эдгээр арлуудад амьдарч байсан япончууд болон тэдний гэр бүлийнхэн Кунашир, Итуруп, Бага Курилийн арлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээ болон харилцан зорчих журмын тухай гэрээг ч цуцалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ