Хойд Солонгос өөрсдийгөө цөмийн гүрэн хэмээн тунхаглав

Хойд Солонгос цөмийн гүрэн гэсэн статусаа тунхаглах тотгоол гаргажээ. Ингэснээр БНАСАУ бусад орон нутагт нь халдвал цөмийн цохилт өгөх боломжтой болж байгаа бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрээс татгалзсан гэж Коммерсант мэдээлжээ.
Цөмийн хүчний бодлогыг хуульчлах шийдвэрийг Ким Жон Ун есдүгээр сарын долооны өдөр Ардын дээд хурлын хуралдааны үеэр зарласан гэж "Ёнхап" агентлаг мэдээлсэн байна. Хуралдааны үеэр гаргасан тунхаглал нь "Цөмийн зэвсгийн бодлог" хэмээн нэрлэгджээ.
"Сөргөлдөгч довтолсоны улмаас улсын цөмийн хүчний удирдлагын системд аюул занал учирвал өдөөн хатгалгын эх үүсвэр, командын цэг зэрэг сөргөлдөгчийн хүчийг устгах зорилгоор урьдчилан гаргасан төлөвлөгөөний дагуу цөмийн цохилтыг автоматаар, нэн даруй өгнө" хэмээн баримт бичигт өгүүлжээ.
Түүнчлэн Ким Жон Ун руу халдсан тохиолдолд цөмийн цохилт өгөх боломжтой талаар тусгасан байна. Гэхдээ цөмийн зэвсгийг "гадаадын түрэмгийллийн эсрэг авч хэрэгжүүлэх хамгийн эцсийн арга хэмжээ" хэмээн нэрлээд Хойд Солонгос хэзээ ч түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэхгүй хэмээн тусгажээ. Түүнчлэн Хойд Солонгос хэзээ ч цөмийн зэвсгээс татгалзахгүй хэмээн Ким Жон Ун мэдэгдсэн байна.
"АНУ цөмийн эрчим хүч, өөрийгөө хамгаалах эрхээсээ татгалзахыг Хойд Солонгосоос шахаж БНАСАУ-ын дэглэмийг унагах зорилготой" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.
Энд дуулгахад, 2021 онд БНАСАУ цөмийн хөтөлбөртөө 640 сая доллар зарцуулсан байна. Харин энэ он гарсаар нийт 17 пуужин хөөргөсөн. Мөн БНАСАУ цөмийн зэвсгийн долоо дахь туршилтыг хийх гэж байна хэмээн АНУ-ын эрх баригчид наймдугаар сард анхааруулж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ