ОХУ-д дрон нийлүүлсэн Ираны компаниудын эсрэг АНУ хориг тавилаа

АНУ-ын Сангийн яам Ираны Safiran Airport Services компанийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа зарлалаа. Энэ компани Иран, Оросын хооронд Оросын цэргүүд нисэх, дрон тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Иранаас авсан дронуудыг ОХУ Украины эсрэг дайнд ашиглахаар төлөвлөж байгаа гэж АНУ үзэж байгаа юм.
Safiran компаниас гадна Paravar Pars Company, Design and Manufacturing of Aircraft Engines (DAMA) болон Baharestan Kish Company гэсэн дрон үйлдвэрлэгч гурван компани Америкийн хар жагсаалтад багтжээ. Эдгээр компаниуд Ираны зэвсэгт хүчинд зориулан нисэгчгүй нисэх аппарат үйлдвэрлэдэг юм байна.
Энд дуулгахад, ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Иранд хоёронтаа очиж, цэргийн дронуудыг үзсэн гэж CNN долдугаар сарын 16-ны өдөр мэдээлж байв.
Үүнээс өмнө, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдэл хийхдээ "Ираны Засгийн газар Орост зэвсэг тээх чадвартай зэрэг олон төрлийн, хэдэн зуун дроныг түргэвчилсэн журмаар Орост нийлүүлэхээр бэлдэж байна" хэмээн онцолж байлаа.
Үүний дараа, долдугаар сарын 19-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Тегеранд Ираны тэргүүнтэй уулзаж байв. Ингээд Иран Орос руу эхний ээлжийн дронуудыг илгээсэн, эдгээрийг Оросын Зэвсэгт хүчин Украины эсрэг дайнд ашиглахаар зэхэж байгаа гэж наймдугаар сарын сүүлээр Вашингтон пост сонин мэдээлж байсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ