Дайны 200 дахь өдөр буюу украинчууд давшиж, оросууд ухрав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгснөөр Орос Украинд дайн өдүүлж, энэ дайн есдүгээр сарын 11-ний өдөр 200 дахь өдрөө үргэлжиллээ. Мөн өдөр Украины Зэвсэгт хүчин Харьков мужид сөрөг довтолгоогоо үргэлжлүүлж, харин ОХУ-ын цэргүүд тус бүс нутгаас гарсан гэж Украинаас авсан эх сурвалжтайгаар олон улсын агентлагууд мэдээлсэн байна.
Дайны 200 дахь өдөр Украины цэргүүд давшиж, харин Оросын арми түр эзэлсэн нутаг дэвсгэрээ хяналтад байлгах гэсэн оролдлогоо үргэлжлүүлсэн гэж DW мэдээлжээ. Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдээлснээр, Харьков мужаас Оросын цэргүүд бараг бүхэлдээ гарсан, Луганск мужтай залгаа Оскол голын эрэг орчмын хэсэгхэн газрыг хяналтдаа байлгаж байгаа аж.
Оросын Батлан хамгаалах яам үзүүлсэн Оросын цэргүүдийн хяналтад байгаа нутаг дэвсгэрийн зургаас харахад Купянск, Изюм зэрэг хотууд Оросын хяналтад хэвээр байгаа гэнэ. Харин Украины тал энэ хотуудыг эзэлсэн хэмээн мэдэгдэж, гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээнд түгээжээ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужныйгийн мэдэгдсэнээр, Украины тал 3000 квадрат километр нутаг дэвсгэрийг чөлөөлж, Оросын хил рүү ойртож байгаа аж.
“Харьков чиглэлд бид гагцхүү өмнө болон дорнод руу төдийгүй хойд чиглэл рүү ч урагшилж эхэлсэн. Улсын хил рүү хүрэхэд 50 километр үлдээд байна” хэмээн Залужный мэдэгджээ.
Гэхдээ урьдын адил чөлөөлөгдсөн суурин газруудын нэрийг зарлаагүй байна. Энэ нь цэргүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэгжүүлж байгаа алхам хэмээн тайлбарлаж байгаа юм.
“Манай цэргүүд Харьков чиглэлд амжилттай сөрөг довтолгоо хийсний дүнд Оросын цэргүүд байршлаа орхин, ОХУ -ын нутаг руу зугтаж байна” хэмээн ням гарагийн орой гаргасан мэдээлэлд өгүүлжээ.
ОХУ олон нийтийн санал асуулга явуулахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулав
ОХУ Украинд дайн өдүүлснийхээ дараа түр хугацаагаар эзлэн авсан Запорож, Харьков, Херсон мужууд болон өөрсдийгөө тунхагласан “БНДАУ”, “БНЛАУ”-ыг Оросын бүрэлдэхүүнд багтаах тухай олон нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байсан. Ийм санал асуулгыг есдүгээр сард багтаан явуулна гэж Оросын төрийн хяналт бүхий хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин энэ төлөвлөгөөгөө хойшлуулжээ.
Тодруулбал, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд ОХУ-д нэгдэх олон нийтийн санал асуулга явуулахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж “Медуза” сайт Кремльд ойр хоёр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Эх сурвалжуудын өгүүлснээр, Харьков чиглэлд Украины цэргүүд амжилттай сөрөг довтолгоо хийсэн тул Москва ийм шийд гаргасан байна. Олон нийтийн санал асуулга зохион байгуулах ажлыг бэлдэх ёстой байсан Оросын улс төрийн технологичид хэдийнэ Харьков болно Запорож мужаас явсан, харин Херсон мужид одоо хүртэл байгаа гэнэ.
Атомын цахилгаан станц бүрэн зогсов
Запорожийн атомын цахилгаан станцыг бүрэн зогсосоон талаар Ураины Үндэсний цөмийн эрчим хүчний компани болох “Энергоатом” есдүгээр сарын 11-ний өдөр мэдэгджээ.
“Есдүгээр сарын 11-ний 03:41 цагт зургаа дахь эрчим хүчний блокийг эрчим хүчний сүлжээнээс салгасан. Одоо блокийг хөргөхөд бэлдэж байна” хэмээн оператор компанийн мэдэгдэлд өгүүлжээ. Оросууд буудсаны улмаас зургаа дахь блок хүчин чадлынхаа хамгийн бага төвшинд ажиллаж байсан гэнэ.
Үүний дараа Олон улсын атомын эрчим хүчний агентлаг мэдэгдэл хийхдээ станц дээр цахилгаан дамжуулах нөөц шугамыг сэргээж чадсан хэмээн онцолжээ. Ингэснээр реакторыг хөргөх болон аюулгүй байдлын бусад чухал ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжжээний цахилгаан эрчим хүчээр Атомын цахилгаан станцыг ахнгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ