Зеленский хэлэлцээ хийхээс дахин татгалзаж, эцсээ хүртэл тулалдана гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Украинд дайн дэгдсэнээс хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талуудын анхны хэлэлцээ болж байлаа. Хамгийн сүүлд гуравдугаар сард Стамбулд хэлэлцсэн ч талууд ямар ч шийдэл, үр дүнд хүрч чадаагүй юм. Ингээд хэлэлцээрийн талаар сураг тасарч, харин Украины тал сүүлийн үед ямар ч болзол хүлээн авахгүй, хэлэлцээ хийхгүй гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Энэ удаад ч мөн Зеленский "тулган шаардсан хэлэлцээ хийхгүй" хэмээн мэдэгджээ.
CNN агентлагийн мэдээлснээр, Оросын тал цогц хэлэлцээ хийх хүсэлгүй байгаа тул Оростой хэлэлцээ хийх боломжгүй гэж Владимир Зеленский мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, ОХУ тулган шардсан байдлаар Украинтай ярилцах гэсэн нь байж болшгүй хэрэг аж.
"Тэдний талаас цогц хэлэлцээ хийх гэсэн хүсэл илэрхийлж байгааг би олж харахгүй байна. Тулган шаардсан нөхцөл тавьж байгаа хүмүүстэй би хэлэлцдэггүй, энэ бол миний зарчим" хэмээн Зеленский CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүнчлэн Украин "эцсээ хүртэл тулалдана", харин Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрээс бүрэн гарсны дараа л хоёр орны хооронд хэлэлцээ хийх боломжтой гэж Зеленский цохон тэмдэглэсэн байна.
Өмнө нь, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийхдээ Оросын тал Украинтай энхийн хэлэлцээ хийхээс татгалзаагүй хэмээж байв. Харин Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Москвагийн тавьсан нөхцөлийг хэлэлцсэн нөхцөлд л Кремль Киевтэй хэлэлцээ явуулахад бэлэн" гэж мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ