Украин дахь ажиллагаагаа зогсоохыг Макрон Путинд уриалжээ

Есдүгээр сарын 11-ний өдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярилцжээ. Энэ үеэр Макрон Путинд хандан Украин дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, хэлэлцээ эхлүүлэхийг уриалсан гэж Елисейн ордон мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна.
"Хэлэлцээ эхлүүлэхийн тулд ОХУ-ын цэргийн ажиллагааг нэн даруй дуусгах хэрэгтэй гэсэн шаардлагаа Ерөнхийлөгч дахин сануулсан" хэмээн Елисейн ордны мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа Макрон Путинд илэрхийлсэн байна. Мөн ойрын өдрүүдэд энэ асуудлаар Путинтэй дахин ярилцахаар төлөвлөж байгаа аж.
"Ерөнхийлөгч Макрон Ерөнхийлөгч Зеленский болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн захиралтай холбоотой хэвээр байна. Түүнчлэн Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах тохиролцоонд хүрэхийн тулд Путинтэй ойрын өдрүүдэд дахин ярилцана" хэмээн Францын тал мэдэгджээ.
Мөн ийнхүү ярилцах үеэрээ үр тариа тээвэрлэх Стамбулын хэлэлцээрийн сэдвийг Макрон хөндөж, "хэлэлцээрийн хүрээнд экспортлогдож буй үр тариа чухал шаардлагатай байгаа орнуудад хүрэх тал дээр хяналт тавих"-ыг уриалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ