Украины түр эзлэгдсэн нутагт ажиллаж байсан орос багш нарыг баривчилж, ял онооно

Сүүлийн өдрүүдэд Украины Зэвсэгт хүчин амжилттай давшиж, Оросын цэргүүдэд эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг ээлж дараалан чөлөөлсөөр байгаа юм. ОХУ Украины газар нутгийг хяналтдаа оруулсныхаа дараа тухайн бүс нутгийн сургуулиудыг орос хэлээр хичээл заадаг болгох, Оросын боловсролын гэрчилгээ олгох зэрэг журам нэвтрүүлж, эдгээр сургуулиудад хичээл заах багш нарыг өндөр цалин амлан хяналтаа тогтоосон газрууд руу явуулж байлаа.
Харин украинчууд нутгаа эргүүлэн чөлөөлж, энд ажиллаж байсан орос багш нарыг баривчилжээ. Тэднийг хууль тогтоомж, дайны хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татна гэж Украины дэд сайд Ирина Верещук мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна.
"Тэд манай улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Украины нутаг дэвсгэрт ирэх, энд хуулиар хориотой үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн Оросын иргэдэд бид удаа дараа сануулж байсан" хэмээн Верещук мэдэгдсэн байна. Саатуулагдсан багш нарт шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд 8-12 жилийн хорих ял оноож болзошгүй гэнэ.
Үүний зэрэгцээ, Оросын боловсролын хөтөлбөрөөр хичээл заахыг зөвшөөрсөн багш нарыг ч дайсны талд үйлчилсэн гэж хариуцлага тооцно хэмээн Верещук мэдэгдсэн байна.
"Энэ зүйл ангиар хатуу шийтгэл оноодог. Тиймээс түр эзлэгдсэн нутаг дэвсгэрийн багш нарт хандан дахин уриалж байна. Ямар ч нөхцөлд дайснуудтай хамтран ажиллаж болохгүй, аль болох хурдан тухайн нутгийг орхи. Ингэснээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах боломжтой" хэмээн Украины дэд сайд мэдэгджээ.
Түүнчлэн, саатуулагдсан орос багш нарыг солилцож болох олзны хүн гэж үзэхгүй хэмээн Верещук цохон тэмдэглэсэн байна.
"Тэднийг олзны хүн гэж хэн ч үзэхгүй. Учир нь тэд байлдааны ажиллагаанд шууд оролцоогүй. Цэргийн бус хүмүүсийг солилцох талаар Женевийн конвенцид тусгагдаагүй" хэмээн Верещук онцолжээ.
Үүний зэрэгцээ түр эзлэгдсэн Украины нутагт Оросын "тодорхой тооны иргэд" байгаа, тэд энэ бүс нутгийг орхихгүй л бол ял шийтгэл хүлээнэ гэж дэд сайд анхааруулсан байна. Чухам хичнээн хүн байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Харин долдугаар сард Медуза сонин мэдээлэхдээ Орсоын 30 бүс нутгаас 200 гаруй хүн "эзлэгдсэн нутгуудад багшлах хүсэлтээ илэрхийлсэн" хэмээн бичиж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ