ОХУ-д саналын хуудсан дээр дайн эсэргүүцсэн үгс бичсэн иргэдэд хэрэг үүсгэн шалгаж байна
2022-09-13

ОХУ-д есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд орон нутгийн эрх баригчдыг тодруулах сонгууль болсон. Энэ сонгуулийн үеэр саналын хуудсан дээр дайн эсэргүүцсэн үгс бичсэн тохиолдол хэд хэд гарсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байв. Харин ийн эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүсийг "Оросын армийн нэр төрийг гутаасан" гэсэн үндэслэлээр захиргааны хэрэгт татаж байгаа талаар "Медиазона" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, санал хуудсан дээр тагтаа зурж, "Дайныг эсэргүүцэж байна!" гэж бичсэн Лев Кармановю гэх иргэнийг захиргааны хэрэгт татсан байна. Түүнийг саналын хуудсан дээр ийнхүү бичсэн байхыг сонгуулийн хэсгийн гишүүд анзаарч, саналын хуудсыг хайрцагт хийлгээгүй аж. Ингээд түүнийг сонгуулийн хэсэгт байхад нь цагдаагийнхан саатуулж, үүний дараа Чертановскийн дүүргийн шүүх Кармановыг 50 мянган рублиэр (shuud.mn: монгол мөнгөөр 2,1 сая төгрөг) торгожээ.

 

Санал өгөх явц нууц байдаг ч зарим тохиолдолд хэсгийн ажилтнуудад анзаарагдаагүй ч саналын хайрцагт хуудсаа хийсэн хүмүүсийг мөшгиж олсон талаар "Медуза" мэдээлсэн байна. Тодруулбал Новгород хотын сонгогч Антон Бочанов шар, хөх өнгийн маркераар саналын хуудсан дээр "дайн тонил" хэмээн бичээд хайрцаг руу хийжээ. Түүнийг цагдаагийнхан мөн л саатуулж, захиргааны хэрэгт татсан байна. Хэргийн протоколд сонгогч "саналын хуудсаа шилэн хайрцагт хийсэн, хуудас унахдаа дээш харсан, хүн бүр түүнийг ажиглаж байсан" хэмээн онцолсон байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ төрлийн хэрэг одоогоор тав бүртгэгдсэн бөгөөд "буруутнууд"-ыг цагдаагийнхан саатуулж, торгууль оноожээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
Хэцүү ч хорвоо юм даа, энэ чөтгөр Путин тонилоод өгөөсэй, дайн хүсэгч
2022-09-13