Казахстаны нийслэл Нур-Султан хотын нэрийг дахин өөрчлөхөөр төлөвлөж байна
2022-09-14

2019 онд Нурсултан Назарбаевыг суудлаасаа буухад залгамжлагч нь болохдоо Астана хотыг "Нур-Султан" болгон өөрчлөх санал гаргаж байсан, Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаве нийслэлийн нэрийг өөрчлөхөөр болсон талаар мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, үндсэн хуулийн зөвлөл дээр хэлцлэж буй үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нийслэлийг өмнөх нэрээр нь нэрлэх төсөл багтсан байгаа гэнэ. Хотыг хуучин нэр болох Астана гэсэн нэрээр нэрлэх саналыг Казахстаны хэсэг депутат есдүгээр сарын эхээр гаргаж байв. "Хүнийг амьд ахуйд нь нэрээр нь хот нэрлэнэ гэдэг буруу" гэж Парламентын гишүүд үзсэн гэнэ. 

 

Энд дуулгахад, Астана хотыг Нур-Султан болгон өөрчлөх саналыг Касым-Жомарт Токаев 2019 онд буюу Нурсултан Назарбаевыг төрийн суудлаасаа буух үед нь гаргаж байлаа.  Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1989 оноос хойш энэ улсыг удирдаж, 2019 онд гэнэтийн шийдвэр гарган, албан тушаалаасаа буухаар болсноо зарлаж, түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч залгамжилж байлаа.

 

Тэрбээр төрийн эрх мэдлээ шилжүүлсэн ч гурван чухал албан тушаалд хэвээр үлдсэн юм. Гэвч энэ оны эхээр Казахстанд гарсан эмх замбараагүй байдлын дараа Токаев Назарбаевын оронд өөрийгөө Аюулгүйн зөвлөлийн даргаар томилсон. Ингээд үүний дараа Назарбаев бусад албан тушаалаа ч алсдан бөгөөд гагцхүү "үндэстний эцэг" гэх хэргэмээ л хадгалж үлдсэн юм. 

 

Үүний дараа Назарбаевын төрөл төрөгсөд төрийн компаниуд болон Засгийн газарт хашиж байсан чухал албан тушаалуудаас ээлж дараалан огцорч байв. Мөн Назарбаевын хүүхдүүд 12 дугаар сарын сүүлээс хойш олны өмнө гараагүй бөгөөд тэд хаана байгаа нь одоо хэр нь тодорхойгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин