Хатан хаантай салах ёс хийх хүсэлтэй хүмүүст зориулж Лондон руу нэмэлт галт тэрэг явуулна
2022-09-14

Есдүгээр сарын 14-ний лхагва гарагт Лондон хотноо хатан хаан II Элизабеттай салах ёс хийх олон нийтийн ёслолын арга хэмжээ эхэлнэ. Гашуудлын арга хэмжээний үеэр хатан хааны шарилыг Вестминстерийн ордон руу хүргэх бөгөөд энд салах ёс хийх олон нийтийн ёслол есдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

 

Хатан хаантай салах ёс хийх хүсэлтэй хүмүүс Их Британийн өнцөг булан бүрээс ирж байгаа тул есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Лондонгоос нэмэлтээр шөнийн галт тэрэг явуулахаар болсон байна. Нэмэлт галт тэрэг явуулахын тулд тусгай удирдлагын төв байгуулж, сайн дурынхныг ажилд татан оролцуулж байгаа аж. 

 

Хатан хаантай салах ёс хийх, оршуулах ёслолд нэг сая гаруй хүн ирнэ гэж тооцоолж байгаа юм байна. Энэ олон хүнд үйлчлэхээр нэмэлтээр гаргасан шөнийн галт тэрэг нь Лондон хотын дагуул хотуудын чиглэлээр явах аж.  Түүнчлэн Букингемийн ордноос Весминтерийн ордон руу гашуудлын цуваа явах үед Британийн нийслэлийн төвөөр чимээгүй орчин бүрдүүлэхийн тулд есдүгээр сарын 14-ний өдөр Лондонгийн Хитроу нисэх буудал зарим нислэгийг цуцалжээ.

 

Харин есдүгээр сарын 18-ны өдөр нисэх буудал дээр нэг минут дуугаа хурааж, есдүгээр сарын 19-ний өдөр нисэх буудал дээр хатан хааныг оршуулах ёслолыг бүх дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин