Ши Жинпинь Ромын паптай уулзахаас татгалзжээ
2022-09-16

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Казахстан улсад айлчилсан. Мөн энэ үеэр Ромын папын Казахстан дахь айлчлал ч тохиосон бөгөөд тэрбээр Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн хуралд оролцсон юм. 

 

Пап болон Ши Жинпинь хоёул Казахстанд байх үеэр Ромын пап Франциск Хятадын төрийн тэргүүнтэй уулзахад бэлэн гэж Ватикан мэдэгдсэн байна. Харин Хятадын тал "ийм уулзалт хийх зав байхгүй" гэж хариулсан талаар Ватиканаас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Ватикан уулзах хүсэлтийг чухам хэзээ тавьсан талаар эх сурвалж тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

 

Энд дуулгахад, Ромын пап Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн VII их хуралд оролцохоор есдүгээр сарын 13-ны өдөр Казахстанд очсон. Тухайн үед сэтгүүлчид түүнээс БНХАУ-ын даргатай уулзах эсэх талаар асуухад "Би энэ талаар юу ч мэдэхгүй" хэмээн хариулсан бол Хятад руу явахад бэлэн үү  гэж асуухад "үргэлж бэлэн" хэмээн хариулжээ.  Ромын пап Казахстанд очсоноос нэг өдрийн дараа буюу есдүгээр сарын 14-ний өдөр Ши Жинпинь Казахстанд төрийн айлчлал хийсэн юм. Энэ нь коронавирусийн цар тахал үргэлжлэх хугацаанд түүний хийсэн анхны гадаад айлчлал байлаа. Ши Жинпинь 2020 оны нэгдүгээр сараас хойш Хятадаас огт гараагүй юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
шашингүй улс энүүгээр юугаа хийхэв
2022-09-19