Украины боомтуудаас 3,2 сая тонн үр тариаг экспортложээ
2022-09-16

"Үр тариан коридор"-оор дамжуулан Украины боомтуудаас ачиж тээвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт хэмжээ 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 3,2 сая тоннд хүрсэн гэнэ. Энэ талаар Туркийн Үндэсний батлан хамгаалах  яам мэдэгджээ. 

 

"Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зөөх ажил хуваарийн дагуу 46 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан 114 хөлөг онгоц Украины боомтуудаас гарж, дахин 161 онгоц эргээд Украиныг чиглэж байна. Эдгээр хөлөг онгоцуудаас гадна, есдүгээр сарын 15-ны өдөр дахин 11 онгоц үр тариа ачин боомтуудаас хөдөлсөн" хэмээн Туркийн Үндэсний батлан хамгаалах яам мэдэгдсэнийг "Анадолу" агентлаг мэдээлжээ.

 

Эргэн сануулахад, Орос, Украины хооронд дайн өрнөж, боомтууд хаагдсанаар дэлхийн үр тарианы зах зээлийн 10 орчим хувийг хангадаг Украин газар тариалангийн бүтээгдэхүүнээ олон улсад нийлүүлэх боломжгүй болсон юм. Энэ нь дэлхийн олон оронд хүнсний хямрал үүсэхэд нөлөөлөх бодит эрсдэл тулгарсан тул дэлхийн улс орнууд Украины үр тариаг аюулгүй тээвэрлэх асуудлыг хэлэлцэн багагүй хугацаа өнгөрсөн. Улмаар долдугаар сарын 22-ны өдөр Туркийн Стамбул хотноо тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар байлцан Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх хэлэлцээрийг байгуулсан юм. Энэ хэлэлцээрт Украин, Оросын төлөөлөгчид ч гарын үсэг зурсан бөгөөд хэлэлцээрийн дагуу наймдугаар сарын нэгний өдөр үр тариа ачсан эхний хөлөг онгоц Украины боомтоос хөдөлж байв.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин