Хатан хаантай салах ёс гүйцэтгэх хүсэлтэй хүмүүс дараалалд найман цаг зогсож байна
2022-09-16

Өнгөрсөн долоо хоногт 96 насандаа таалал төгссөн хатан хаан II Элизабеттэй салах ёс хийх олон нийтийн ёслолын ажиллагаа Вестминстерийн ордонд үргэлжилж байна. Их Британийн өнцөг булан бүрээс хатан хаантайгаа салах ёс хийхээр ирж байгаа хүмүүсийн урсгал тасрахгүй,  ордны гадаа хэдэн бээр газар үргэлжлэх дараалал үүссэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. 

 

Энэ дараалалд зогсож байгаа хүмүүс ойролцоогоор найман цаг зогсоон хүлээх шаардлагатай болж байна хэмээн Их Британийн эрх баригчид мэдэгдсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар есдүгээр сарын 15-ны 18:00 цагт ордон руу орох хүсэлтэй хүмүүсийн цуваа долоон километр үргэлжилж байжээ. 

 

Урт дараалал хатан хааны шарилыг Лондонд хүргэж ирэхээс ч өмнө үүссэн байна. Иргэдийг Вестминстерийн ордны танхим руу 24 цагаар нэвтрүүлж байгаа ч дараалал багасахгүй байгаа аж. Хатан хааныг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-ний өдөр болох бөгөөд энэ өдрийн 06.30 цаг хүртэл иргэдийг нэвтрүүлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин