II Элизабеттэй салах ёс хийхээр 25 цаг хүлээж, мянга гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ
2022-09-19

Их Британийн хатан хаан II Элизабеттэй салах ёс хийх төрийн ёслолын ажиллагаа өнөөдөр эхэлнэ. Үүнээс өмнө, есдүгээр сарын 14-ний өдөр олон нийтэд зориулсан ёслолын ажиллагаа эхэлсэн юм. Энэ ёслол эхэлсэн өдөр л Вестминстерийн ордон руу орж салах ёс хийх гэсэн хүмүүсийн цуваа дөрвөн километр үргэлжилж, харин маргааш өдөр нь 6,5 км урт дараалал үүсч, хүмүүс есөн цаг зогсон хүлээж, танхим руу орж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Харин есдүгээр сарын 17-ны өдөр гэхэд хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, 25 цаг дугаарлаж эхэлсэн тул салах ёс хийх ёслолд оролцохгүй байхыг эрх баригчид уриалж эхэлсэн байна. Ням гарагийн үдэш, олон нийтийн ёслолын ажиллагааны сүүлийн өдөр урт дараалал хэвээр үргэлжилж, хүмүүс есөн цаг гаруй зогсож хүлээсэн талаар Британийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Star News сонины мэдээлснээр, алдартнуудад зориулсан VIP орох хэсгийг гаргасан ч олон цаг хүлээх дараалалд Дэвид Бэкхэм зэрэг алдартнууд бусдын адил хүлээн, зогссон гэнэ. Түүнчлэн хоёр удаа ч зогсон хүлээж, салах ёс хийсэн хүмүүж байжээ. Тухайлбал, Люси гэх эмэгтэй хоёр удаа 12 цаг гаруй хугацаанд хүлээн зогсож, хатан хаантай салах ёс хийжээ. 

 

Мянга гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ 

 

Өдөр шөнөгүй үргэлжилсэн урт дараалалд нийт хичнээн хүн зогсож, хатан хаантай салах ёс хийсэн талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна. Харин хүмүүс ийнхүү удаан зогссон тул эмнэлгийн тусламж авсан тохиолдол олон гарчээ. 

 

Лондон хотын түргэн тусламжийн газрын мэдээлснээр, ням гарагийн өглөөний байдлаар нийт 1078 хүнд яаралтай тусламж үзүүлснээс 136 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Тэдний ихэнх нь удаан хүлээж дугаарлан зогсохдоо ухаан алдаж, толгойгоо цохин унасны улмаас гэмтжээ. 

 

Дэг журам зөрчсөн хоёр тохиолдол гарсан бөгөөд 19 настай нэг эр бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдсан бол 28 настай нэгэн эр дарааллаас гарч гүйн, долоон настай охиныг түлхээд, хатан хааны авсанд хүрсэн хэргээр саатуулагдсан байна.

 

Харриг хүндэт харуулын хувцас өмсөхийг зөвшөөрөв
Ням гарагт шилжих шөнө хатан хаан II Элизабетийн найман ач, зээ 15 минутийн хугацаанд эмээгийнхээ авсны өмнө хүндэт харуул болж зогсжээ. The Times сонины мэдээлснээр, хааны хүсэлтээр ханхүү Харри цэргийн дүрэмт хувцас өмссөн байна. Тэрбээр хааны гэр бүлийн давуу эрхээс татгалзсаныхаа дараа цэргийн хэргэмээсээ салсан бөгөөд өмнөх гашуудлын ажиллагаанд энгийн хувцастай оролцож байсан юм.

 

Гэхдээ түүний мөрдэс дээр хатан хааны таних тэмдэг болох ER гэсэн тэмдгийг авсан байжээ. Үүнээс болж ханхүү ихэд гутарсан гэж The Times мэдээлсэн байна. Бэлгийн хүчирхийлэлд буруутгагдан, цэргийн цолоо мөн л хасуулсан, хатан хааны хүү Эндрюгийн дүрэм хувцсан дээр ER гэсэн тэмдэг байхад Харригийнх дээр байгаагүй нь түүнд "доромжлол" мэт санагдсан, энэ нь хатан хааны гэр бүл Харритай таагүй харилцаатай байгааг илтгэж байна хэмээн сонины эх сурвалж өгүүлсэн байна.

 

"Дээд зэргийн ажиллагаа"

 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр хатан хааны оршуулах ёслолд 500 гаруй өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид ирэх юм. Нийтдээ Лондон хотод сая орчим хүн ёслолд оролцохоор ирнэ гэж ВВС мэдээлжээ.

 

"Олон жилийн хугацаанд ийм их төрийн тэргүүн нэг газар цугласан тохиолдол гараагүй. Тиймээс тэдний аюулгүй байдлыг хамгаалах хүндхэн сорилтыг бид даван туулах ёстой" гэж Лондон хотын дарга Садик Хан мэдэгдэж байв. Түүнчлэн хатан хааныг оршуулах ёслолын үеэр дэг журмыг хангах нь цагдаагийн албаны түүхэн дэх хамгийн том ажиллагаа хэмээн Лондонгийн цагдаагийн газар мэдэгджээ. "2012 оны олимп, хатан хааны цагаан алтан ойн үеийнхээс ч том ажиллагаа" хэмээн цагдаагийн газар мэдэгджээ. 

 

Хатан хааныг үдэх ёслолын үеэр цагдаагийнхан Лондон хотын нүх сүв бүрийг шалгаж, байшингуудын дээвэр дээр цагдаа, мэргэн бууч зогсох болтэсрэх төхөөрөмжийг үнэрээр нь илрүүлдэг эрэлч нохойтой цагдаагийнхан тогтмол эргүүл хийж байгаа юм. Түүнчлэн агаарын десант, тусгайгийнхан байлдааны бэлэн байдалд орон ажиллаж байгаа аж. 

 

Путин, Ассад, Мадуро болон талибуудыг Лондон уриагүй

 

Хатан хааныг үдэх ёслолд Орос, Беларусийн төлөөлөгчдийг Их Британи уриагүй. Энэ нь Украин руу халдсан хэрэгтэй холбоотой. Харин цэргийн эргэлт хийснийх нь улмаас Мьянмарын цэргийн удирдлагуудыг уриагүй юм. Түүнчлэн Сири, Венесуэл, Афганистаны төрийн тэргүүнүүдийг ч уриагүй бөгөөд энэ нь Их Британи эдгээр улстай бүрэн дүүрэн дипломат харилцаа тогтоогоогүйтэй холбоотой гэж ВВС мэдээлжээ. 

 

Хатан хааныг үдэх ёслолд уригдаагүй Оросын тал үүнийг "туйлын ёс зүйгүй хэрэг" хэмээн үзэж байгааг ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв. 

 

Гэхдээ хүний эрхийн зөрчлийн тал дээр барууны ертөнцөд ихээхэн муу нэртэй хоёр орны төрийн тэргүүнийг Лондон урьсан байна. Энэ нь Хятад болон Саудын Араб юм. Сэтгүүлч Жамал Хашогжиг хөнөөсөн хэрэгт холбоотой гэж Тагнуулын төв газраас мэдэгдсэн Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманыг Лондон урьсан ч хүний эрхийг хамгаалагчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан бол БНХАУ-ын дарга Ши Жинпинийг урьсныг Британийн парламентын зарим гишүүд эсэргүүцэж байв. Хэдийгээр тэд ийнхүү урилга хүлээн авсан ч Саудын Арабын ханхүү оршуулах ёслолд оролцохгүй, харин энэ улсын Засгийн газрын гишүүн төлөөлөх бол,  Хятадын дарга Ши Жинпиний оронд түүний орлогч Ван Цишань оролцохоор болжээ.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин