Автомашинаас татгалзаж буй дэлхийн хотууд
2022-09-20

 

Дэлхийн хэд хэдэн томоохон хотууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах болон агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор “Автомашинаас чөлөөлөгдөх хөдөлгөөн”-д нэгдэн оржээ. 

 

Үүнд Европын хотууд автомашинаас татгалзаж эхэлж буй бөгөөд Нью-Йорк тэргүүтэй өөр бусад тивийн хэд хэдэн хотууд мөн адил эрчимтэй арга хэмжээ авч эхэлж байна.

 

Мөн Коронавирус цар тахлын үед урт хугацааны хөл хориог тавьж улс орны дотоод бодлогод ихээхэн хэмжээний өөрчлөлт орсон. Бүхий л улс орнууд энэхүү нөхцөл байдлыг зөвөөр ашиглан иргэддээ ээлтэй бодлогуудыг зөвөөр шийдэн өгч эхэлсэн билээ.

 

Автомашиныг шат дараалалтайгаар хориглохоос гадна эдгээр хотууд унадаг дугуйн хэрэглээг илүү идэвхжүүлэх хийгээд олон нийтийн эзэмшил талбайг явган хүнд илүү ээлтэй болгох тухай хуулийн төслүүдийг боловсруулж эхэлж байгаа аж.

 

Парис: 


Парис хот нь 2018 онд гаргасан судалгаагаар Европ тивийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын хоёрт бичигдсэн юм. Хотын дарга Anne Hidalgo автомашинуудад янз бүрийн хориг тавих замаар агаарын бохирдолтой тэмцэж байгаа бөгөөд 1997 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машинуудыг амралтын өдрүүдэд хотын төвд зорчихыг хориглосон билээ.

 

Тэрээр мөн сар бүрийн эхний ням гаригт өглөөний 10 цагаас 18 цаг хүртэл хотын төвд автомашин явуулахыг хориглох шийдвэр саяхнаас гаргах болсноо зарласан юм. Мөн түүнчлэн Парис хот 2026 он гэхэд 180 км дугуйн зам, 180,000 ширхэг дугуйн зогсоол болон 170,000 мод тарихаар төлөвлөжээ.

 


Афин: 


Грекийн нийслэл Афин хотын дарга Giorgos Kaminis Парис болон Мехико хотын дарга нарын нэгэн ижил 2025 он гэхэд дизель хөдөлгүүртэй автомашинуудаас хотоо бүрэн ангижруулна хэмээх тангарагт 2016 оны 12-р сард нэгдэн орсон байдаг. Үүнтэй холбогдуулан хотын төвийн зарим гудамж, талбайд дизель автомашинуудын хөдөлгөөнийг дугаарын хязгаарлалтаар хориглосон ажээ.

 


Богота: 


Колумбын нийслэл Богота хот 1974 оноос хойш “Ciclovia” гэгч автомашинаас ангид байх хөтөлбөрөө хэрэгжүүлсээр л байна. Тухайлбал ням гариг бүр 120.7 км орчим зам талбайг автомашинаас чөлөөлж, 1.7 сая орчим явган зорчигчийн хөдөлгөөнийг идэвхжүүлж байгаа аж. Тус хот нь 6,7 сая хүн амтай билээ.

Түүнчлэн Богота хотын захиргаанаас “Pica y Placa” хэмээх тэгш сондгойгоор нь дугаарын хязгаарлалт хийх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна.

 

Милан Итали:

 

2020 оны зун буюу Ковид 19-ийн ид тархалтын үеэр Итали улсын Милан хот нь хотын хамгийн өндөр ачаалал бүхий, автомашины бөглөрөл ихээр үүсдэг 35 км урт замыг явган болон дугуйн замаар өргөтгөх томоохон төслийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь маш хурдан хугацаанд бодит ажил болон хэрэгжсэн бөгөөд Милан хотод томоохон өөрчлөлтүүдийг авчирч чадсан байна.

 

Жишээлбэл, уг замыг дагасан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, гадаа байгальд сууж хооллох боломжтой ресторанууд, үйлчилгээний байгууллагууд олноор нэмэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй ирээдүйн Милан хотыг харах боломжийг олгохоор зөвхөн Итали улсын бус Европ тивийн хамгийн том автомашингүй хэсэгт тооцогдох “Citylife” дүүргийг шинээр бий болгожээ. Милан нь Парис хотын мөн адил “15 минутын хот”-ийг бий болгохоор зорин ажиллаж байгаа гэнэ. Хотын оршин суугчдын хувьд илүү ногоон, илүү байгальд ээлтэй Милан болж өөрчлөгдөж буйд тун сэтгэл хангалуун байгаа тухай хуваалцсан байна.


Монгол:

 

Манай улсын хувьд жил бүрийн хавар намар "Автомашингүй өдрийн" зохион байгуулдаг. Дэлхийн “Автомашингүй өдөр” жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тохиодог бөгөөд дэлхийн хотуудын нэгэн адил Улаанбаатар хот 2009 оноос хойш тэмдэглэн ирсэн. Ингэхдээ хүрээлэн буй орчин  болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг зохион байгуулж ирсэн юм. Мөн сүүлийн жилүүдэд ихэнх залуучууд цахилгаан скүүтэр, унадаг дугуй зэрэг зүйлсийг амьдралынхаа хэвшилд суулгаж автомашинаас татгалзаж эхэлж байна. 

 

Амстердам:

 

Голландын нийслэл автомашиныг бүрэн хориглохоор төлөвлөөгүй байна. Харин 27 заалт бүхий “машингүй” хөтөлбөр нь дугуй унаж, явганаар  хотын замын хөдөлгөөнийг эрс багасгахаар төлөвлөжээ. Цаашлаад  2025 он гэхэд 11,200 зогсоолыг устгаж, энэ зайг өргөн явган хүний ​​зам, дугуйн зам, мод, дугуйн зогсоолд зэрэгт ашиглахаар болсон байна. 2030 он гэхэд Амстердам бензин болон дизель хөдөлгүүртэй бүх тээврийн хэрэгслийг хориглохоор болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Яг үнэн.Ядахдаа нийтийн тээврийн унаа цэвэрхэн,тохилог байдаг бол үйлчлүүлэхэд татгалзах зүйл алга.
2022-09-20
явган алхах:
Зуны 3 сар яммар ч асуудалгүй ээ. Намар Өвөл Хаврын хахир хавсаргатай шөнөдөө -40 градус хүрчихдэг МОНГГУУ улсад 10 минутаас цааш алхахад л хачин болно . Хүүхдүүд бол ханиад томуунаас салах ч үгүй. ханиадны эмчилгээ хамгийн багадаа 200,000 төгрөг болно. Хувийн автомашиний хэргэлээ үүнтэй ч холбоотой.
2022-09-20
Иргэн:
Яг үнэн.Ядахдаа нийтийн тээврийн унаа цэвэрхэн,тохилог байдаг бол үйлчлүүлэхэд татгалзах зүйл алга.