Озон эмчилгээний нотолгоо хангалтгүй учраас ЭМЯ эмчилгээний заавар гаргаагүй
2022-09-21

Манай улсад өргөн дэлгэрч байгаа озон буюу хүчилтөрөгчийн эмчилгээний талаар дуулаагүй хүн ховор биз. Энэ эмчилгээний ач тус, хор хөнөөл, сөрөг үр дагаврын талаарх мэдээллийг бид цогцоор нь хүргэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас тайлбар өглөө.

 

Тодруулбал, тус яамнаас озон эмчилгээний тухай ямар нэг зааврыг огт гаргаагүйг иргэдэд сануулсан юм.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл: 

 

“Эрүүл мэндийн байгууллага нь төрийн захиргаанаас гаргасан буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж журам зааврын дагуу эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үйлчилгээг явуулах ёстой байдаг. Харин Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямар нэг зааврын одоог хүртэл гаргаагүй байгаа.

 

Бид одоог хүртэл энэ эмчилгээ удирдамжийг гаргаагүйн учир нь аливаа шинэ эмчилгээг эхлүүлэхдээ тухайн улс заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Тодруулбал, тухайн эмчилгээ үр дүнтэй болох нь олон улсад өндөр хувьтайгаар нотлогдсон байх ёстой. 

 

Эмчилгээ, оношилгооны технологи нь тухайн өвчнийг оношлох магадлал хэр өндөр байх болон тухайн үйлчлүүлэгчид ямар нэг сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзан үзэж байж улс орнууд эмчилгээндээ нэвтрүүлдэг.

 

Харин озон эмчилгээний талаарх олон судалгааг харахад, сайн үр дүнгээс гадна тухайн үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлсөн муу нөлөө их байдаг.

 

Өөрөөр хэлбэл, озон эмчилгээний нотолгоо хангалттай биш учраас Эрүүл мэндийн яам өнөөдрийг хүртэл ямар нэг зааврыг гаргаагүй.

 

Зарим улс орон энэ эмчилгээг хэсэг газар буюу арьсан дээр хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг бол зарим нь бүр огт зөвшөөрөөгүй.  

 

Тухайлбал, АНУ-ын Эмийн хяналт, зохицуулалтын газар одоог хүртэл озон эмчилгээний ямар нэг төрлийн эмчилгээг зөвшөөрөөгүй байгаа. Учир нь үүнтэй холбоотой үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хор нөлөө үзүүлсэн тохиолдлууд нь тус улсын шүүх хяналтын байгууллага дээр маргаан үүсгэсэн жишээ бий.

 

Улс орнууд аливаа эмчилгээг шууд сайн гэхээс илүү аюултай тал нь юу вэ гэдгийг сайн харж байж эмчилгээний зааварт оруулдаг юм. Иймд иргэд өөртөө хийлгэж буй эмчилгээний талаар үнэн бодит мэдээлэлтэй байж, анхааралтай байх хэрэгтэйг зөвлөж байна" хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин