ОХУ-ын төлөөлөгч Шинзо Абэгийн оршуулгад оролцоно
2022-09-22

Энэ сарын 27-ны өдөр болох Шинзо Абэгийн оршуулгын ёслолд Оросын талаас төлөөлөгч оролцоно гэж Японы Гадаад хэргийн яамнаас авсан эх сурвалжтайгаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Олон улсын соёлын хамтын ажиллагааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Швыдкой Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслолын ажиллагаанд оролцох юм байна. 

 

Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, төрийн оршуулгын ёслолд 217 орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох аж. АНУ-ыг дэд Ерөнхийлөгч Камала Харрис төлөөлөх бол Энэтхэгээс Нарендра Моди, Канадаас Жастин Трюдо, Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцох юм.

 

Долдугаар сарын наймны өдөр бусдын гарт амиа алдсан Шинзо Абэг үдэх төрийн оршуулгын ёслол нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японд хийж буй анхны төрийн ёслол аж. Энэ ёслолыг татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан хэрэг гэж эсэргүүцэх хүмүүс гарсаар  байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин