Оросын еврейчүүдийг Израиль руу татна
2022-09-23

Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросоос гарах иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Израилийн Сангийн яамны санаачилгаар яам дундын комисс хуралдан, Орост байгаа еврейчүүдийг эх оронд нь авчрах асуудлыг хэлэцжээ. 

 

Израилийн хэвлэлүүдийн мэдээлснээр, еврей гаралтай 13 мянга орчим Оросын иргэн Израиль руу ирэх виз авсан ч одоогоор ОХУ-аас гарч амжаагүй байгаа гэнэ. Мөн ойрын үед 20 мянган хүн уугуул эх орноо зорих виз авах өргөдлөө өгөх төлөвтэй байгааг эх сурвалжууд онцолжээ.

 

Өмнө нь, энэ оны хавар еврей гаралтай Оросын иргэд цахимаар баримт бичиг өгөх боломжтой хялбаршуулсан журам нэг сарын хугацаанд үйлчилж байгаад түр зогссон байна. Одоо энэ "ногоон маршрут"-ыг дахин сэргээж магадгүй гэж Израилийн хэвлэлүүд мэдээлжээ. Ийм журам хэрэгжиж эхлээгүй байсан ч еврей гаралтай Оросын иргэд Израиль руу аяллын визээр нэвтрэн, дараа нь статусаа өөрчлөх боломжтой гэж холбогдох байгууллагынхан зөвлөсөн байна. 

 

Ийнхүү еврей гаралтай Оросын иргэдийг Израильд авчрах асуудлыг хэлэлцэхээс өмнө Израилийн Ерөнхий сайд Яир Лапид Оросоос ирэх нислэгийн тоог нэмэгдүүлэхийг EI AI агаарын тээврийн компанид уриалсан юм. Энэ компани Москва-Тель-Авив чиглэлд шууд нислэг үйлддэг Израилийн цорын ганц компани аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин