Брюссельд эрчим хүч хэмнэх үүднээс хааны ордны гэрэлтүүлгийг унтраажээ
2022-09-23

Бельгийн Брюссель дэх хааны ордны гадна талын гэрэлтүүлгийг унтрааж, ордны ажилтнуудыг гагцхүү өөрсдөө байгаа өрөөндөө л гэрлээ асаах зааварчилгаа өгчээ. Ингэснээр Бельгийн хаан Филипп цахилгаан эрчим хүч хэмнэх аянд нэгдэж байгаа гэж RTL суваг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хааны албан ёсны ажлын байр болох XIX зууны үеийн түүхэн барилгыг үдшийн цагаар гадна талаас нь байнга гэрэлтүүлдэг байсан бөгөөд энэ нь ихээхэн цахилгаан эрчим хүч зарцуулдаг тул эрчим хүч хэмнэх үүднээс хаан гэрэлтүүлгийг унтраахыг үүрэгджээ.

 

Үүний зэрэгцээ хааны ордны гадна талыг шинэчлэх ээлжит ажлын хүрээнд дулаан алдалтыг багасгах үүднээс давхар шилтэй цонх суурилуулахаар төлөвөлж байгаа гэнэ. Засварын ажлыг энэ намар эхлүүлж, хоёр жилийн турш гүйцэтгэх бөгөөд 5,5 сая евро зарцуулах юм байна. Одоогийн байдлаар ордон дахь гэрэлтүүлгүүдийг эрчим хүч хэмнэдэг гэрлээр солих ажил хийгдэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болж дээ тансаг гадаад байдлыг илүүд үздэг ЕХ Оросын ачаар жаахан ч гэсэн арвич хямгач байдалд суралцаж эхлэх нь дээ
2022-09-24