Польш ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх журам үйлчилж эхэллээ
2022-09-26

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч дайн зогсооход огт нөлөөлөхгүй байгаа тул иргэд рүү нь чиглэсэн бодлого баримтлахыг Украины тал уриалж байлаа. Өнөөгийн дайн "гагцхүү Путинийх биш, эрх баригчдаа дэмжиж байгаа ард түмнийх нь ч буруу" хэмээн Украины эрх баригчид мэдэгдэн, Оросын иргэдийг нутаг дэвсгэр рүүгээ нэвтрүүлэхгүй байхыг уриалж байлаа. Үүний хариуд Европын орнууд ээлж дараалан Оросын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасаар байна. 

 

ОХУ-ын иргэдийг агаарын болон тэнгисийн боомтоор Польш руу нэвтрүүлэхийг хязгаарлах журам есдүгээр сарын 26-ны өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Аль орноос авснаас үл хамааран Шенгений визтэй оросуудыг Польш руу ийнхүү нэвтрүүлэхгүй юм байна. Өнгөрсөн долоо хоногт Польш болон Балтийн орнууд ОХУ-ын иргэдийг хуурай замын боомтуудаар нэвтрүүлэхээ зогсоосон юм. 

 

ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хязгаарласан энэ шийдвэрээ Польшийн эрх баригчид "олон нийтийн эмх журам, аюулгүй байдалд шууд аюул занал учрахаас сэргийлсэн хариу үйлдэл" хэмээн тайлбарлажээ. Харин хүмүүнлэгийн зорилгоор ОХУ-ыг орхиж буй тэрс үзэлтнүүд, оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг Польш руу урьдын адил нэвтрүүлэх аж.

 

Ийнхүү Польш улс хязгаарлалт тавьснаар оросууд хуурай замын боомтоор нэвтрэх боломжтой, Европын холбооны цорын ганц улс нь Финланд болж байна. Гэхдээ энэ улс ч оросуудыг нэвтрүүлэх тал дээр хязгаарлалт тавих талаар авч хэлэлцэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол ч адилхан хилээр нэвтрүүлэхийг нь хориглох ёстой тэгэхгүй бол эхнээсээ зэрлэг балмад оросууд монголчуудын толгойг алхаар цохиж алаад эхэллээ
2022-09-26