Ижевск хотын сургуульд болсон халдлагын улмаас 11 хүүхэд амиа алдав
2022-09-27 08:17

Есдүгээр сарын 26-ны өдөр Ижевск хотын дунд сургуульд зэвсэгт этгээд халдаж, олон хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Ижевск хот нь хүн амын тоогоор ОХУ-д 20 дугаарт бичигддэг, Бүгд Найрамдах Удмурт Улсын нийслэл юм.

 

Ижевск хотын №88 дугаар сургуульд буун дуу гарсан талаар даваа гарагт Оросын телеграм сувгуудаар анх мэдээлэл гарсан. Хотын төвд байх, 928 хүүхэд, 80 багштай энэ сургуульд хичээл орж байх үеэр халдлага болжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, хар хувцас өмссөн нэгэн эр сургууль руу нэвтэрч, хоёр хамгаалагчийг буудаад дараа нь хүүхдүүд болон багш нар руу буудсан байна.

 

"Сургуулийн нэг хамгаалагч үүдэн дээр буудуулж амиа алдсан. Үүний дараа хоёр дахь хамгаалагчийг ч буудаж хөнөөсөн" хэмээн Удмуртийн тэргүүн Александр Бречалов мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Оросын дунд сургуулиудад удаа дараа халдлага гарч байсны улмаас сургуулиудад хамгаалалт гаргах болсон бөгөөд Ижевскийн энэ сургуулийг ч гэрээний дагуу хамгаалалтын алба хариуцаж байжээ.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Ижевск хотын сургуульд болсон халдлагын улмаас 17 хүн амиа алдсан байна. Тэдний 11 нь хүүхэд байсан гэж Удмуртийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ. Халдлага үйлдсэн этгээд нь энэ сургуулийг төгссөн, 34 настай Артем Казанцев гэх этгээд байсан бөгөөд тэрбээр хэрэг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон гэнэ. Түүнийг сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн хяналтад байсан гэж холбогдох албанаас авсан эх сурвалжтайгаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

"Оросын Мөрдөн шалгах хорооны мэдээлснээр, хэргийн улмаас 17 хүн амиа алдсаны дотор 11 нь хүүхэд, зургаа нь  насанд хүрсэн хүн байна" хэмээн Удмуртийн захиргаа мэдэгджээ.

 

Оросын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зэвсэгт халдлага үйлдсэн этгээд хар өнгийн хувцастай, "нацист тэмдэг бүхий хар хувцастай", биедээ бичиг баримтгүй байсан гэнэ. Түүний хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй, неофашист үзэлтэй байсан эсэх, хэрэг үйлдэх сэдэл болсон байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоохоор Оросын мөрдөгчид ажиллаж байгаа аж. Ижевск хотын сургуульд гарсан энэ халдлагыг "неофашист байгууллага эсвэл бүлэглэлд хамаарах этгээд үйлдсэн гэдэг нь илэрхий алан хядах ажиллагаа" хэмээн Кремлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Хэргийн газар үзлэг хийхэд хоёр галт зэвсэг, 9х18 мм 200 сум олсон бөгөөд гэмт этгээд зэвсэг хаанаас авсныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн гэмт этгээд шизофрени гэсэн оноштойгоор сэтгэц мэдрэлийн эмнэлгийн хяналтад байсан нь тогтоогджээ. 

Ийнхүү гэмт этгээдийн гарт олон хүүхэд, багш амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсны улмаас Удмурти даяар гурав хоногийн хугацаанд гашуудлын өдөр зарлажээ. 

 

Ижевск хотод болсон энэхүү халдлага нь энэ онд хүүхдүүд рүү халдсан хоёр дахь тохиолдол юм. 2022 оны дөрөвдүгээр сард Ульяновск мужийн оршин суугч Вешкайм суурингийн хүүхдийн цэцэрлэгийн унтлагийн цагаар нэвтэрч, Иж-27 гэсэн буугаар гал нээн, хоёр хүүхэд, нэг асрагчийг буудаад дараа нь амиа хорлосон хэрэг гарч байлаа. Тэрбээр мөн л сэтгэцийн өвчинтэй байсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.

 

Харин үүнээс өмнө, өнгөрсөн онд мөн л сургуульд гал нээж, олон хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байсан юм. Үйл явдлыг эргэн сануулвал, 2021 оны тавдугаар сарын 11-ний мягмар гарагт Татарстаны нийслэл Казаньд №175 сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас долоон сурагч, хоёр насанд хүрсэн хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан юм. Сургууль руу дайрсан этгээд нь 19 настай, Ильназ  Галявиев байсан бөгөөд тэрбээр мөн л тухайн сургуульдаа суралцаж төгссөн нэгэн байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
um ma ni bad me hum
2022-09-27