Путин Сноуденд Оросын иргэншил олгожээ
2022-09-27 08:36

АНУ-ын. Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан, АНУ-д тагнуул хийсэн хэргээр буруутгагдаж байгаа Эдвард Сноуденд Оросын иргэншил олгожээ. Холбогдох зарлиг Оросын Ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна. 

 

Эдвард Сноуден ОХУ-ын иргэн болох хүсэлт гаргасан тул Ерөнхийлөгч иргэншил олгосон хэмээн Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.

 

Хэдийгээр Сноуден Оросын иргэн болж байгаа ч энэ улсад зарлагдсан хэсэгчилсэн дайчилгаанд хамаарахгүй, учир нь ОХУ-д цэргийн алба хаагаагүй гэж Сноудений өмгөөлөгч Анатолий Кучерен мэдэгджээ. Түүнчлэн Сноудений эхнэр ч мөн ОХУ-ын иргэн болох хүсэлтээ өгөх гэж байгаа талаар Кучерен мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден 2013 онд Америкийн цахим хяналтын талаарх нууц мэдээллийг нийтэлж байсан. Тодруулбал, энэ нууц бичиг баримтад АНУ-ын тусгай албад гадаад улс орнуудын өндөр албан тушаалын 35 хүний утасны яриаг чагнадаг байсан гэсэн мэдээлэл агуулагдаж байв. Пентагоны нууц илтгэлд өгүүлснээр Сноуден хоёр сая орчим нууц файл авсан гэнэ. Ингээд 2013 онд Сноуден АНУ-ыг орхин, Хонконг руу зугтаж, дараа нь Орост ирэн, оршин суух хугацаагүй эрх авсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Хөөрхий амьтан, дарангуй нийгмийн пиар сэдэв болоод байнгын хараа хяналтанд аз жаргалтай амьдарна гэж байхгүй л дээ, одоо хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа биз, даанч нэгэнт живсэн.
2022-09-27
иргэншил өгөөд дайнд дайчилна
2022-09-27