Оросоос явсан иргэдийг шилжүүлж өгөх шаардлагыг ОХУ тавихгүй
2022-09-28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын олон мянган иргэн гадаад орныг зорьсон. Үүнийг "дайчилгаанаас зугтсан" гэж үзэн, тэдний очсон орны эрх бүхий байгууллагуудад хандан Оросын иргэдийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж болзошгүй гэсэн болгоомжлол гарч байлаа. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам ийм арга хэмжээ авахгүй гэж мэдэгджээ. 

 

Тодруулбал, Оросын Батлан хамгаалах яам хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа хилийн чанадыг зорьсон ОХУ-ын иргэдийг шилжүүлэн өгөх асуудлаар Казахстан, Гүрж болон бусад орнуудын төрийн байгууллагуудад хандаагүй гэж БХЯ Телеграм сувгаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

 

"Хэсэгчилсэн дайчилгаа явуулах хүрээнд Оросын Батлан хамгаалах яам Казахстан, Гүрж болон бусад орнуудын төрийн байгууллагад хандан улс оронд нь ирсэн Оросын иргэдийг албадан буцаах хүсэлт гаргаагүй, цаашид ч ийм арга хэмжээ авахаар төлөвлөөгүй" хэмээн Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш Оросын иргэд хөрш зэргэлдээ орнуудыг зорьж, Монголд гэхэд л сүүлийн хоногуудад нийт 5000 орчим иргэн ирсэн байна. Нийтдээ 200 мянга орчим Оросын иргэн дайчилгаанаас хойш хилийн чанадыг зорьсон гэж Интерфакс мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин