Говь-Алтай аймаг багш нараа 350 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
2022-10-04

Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт болон улсын уралдаанд шавь нараа бэлтгэн шагналт байр эзлүүлсэн багш нар, аймгийн “Монгол бичгийн анги олимпиад”-д шалгарсан анги хамт олон, Сургуулийн өмнөх боловсролын ур чадварын уралдаанд шалгарсан багш нарыг урамшуулан дэмжих “Багш-Эрдэнэ” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор зохион байгуулагдлаа.

 

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор хамгийн өндөр шалгагдсан Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн багш Б.Түвдэндорж, Ч.Дэлгэрмаа, “Хантайшир – Эрдэм” цогцолбор сургуулийн физикийн багш Л.Нямбаяр нарт тус бүр 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олголоо. Мөн хамгийн олон сурагч бэлтгэн оролцуулж нэг сурагч нь 100 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан 1 дүгээр сургуулийн математикийн багш Н.Доржмаад 7,000,000 төгрөг, бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш Ү.Баярмааг 5,000,000 төгрөгөөр урамшуулсан юм.

 

Хөтөлбөрийн хүрээнд нийт 80 багш, 11 сургууль, 21 сургалтын менежер, 74 сурагчийг 350,000,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Shuud.mn
Сонин хачин