Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл томоохон төслүүдийг гацаах ёсгүй
2022-10-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр:

 

 

...Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хоёр дахь удаагаа улсын төсвийг УИХ-д танилцуулж байна. Өнгөрсөн жил та бүхний баталсан 2022 оны улсын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн. 2022 оны төсвийн бодлогын хүрээнд Монгол Улс цар тахлын үед эрүүл мэнд-эдийн засаг харилцан хамааралтай тул шат дараатай хатуу хөл хориог суллаж, энгийн амьдралдаа эргэн орох зорилго бүхий Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын  цогц бодлогыг хэрэгжүүлсэн билээ. 2022 оны улсын төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилтэй тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

 

2022 оны төсвийн төслийг боловсруулж байхад Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар унасан бол энэ оны эцэс гэхэд 3 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна. 2022 оны улсын төсөв тодотголын хамт цар тахлын хүндрэлийг давах түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэж болохоор байна.

 

...2022 оны улсын төсөв цар тахлыг даван туулахад бүхэлдээ зориулагдсан бол 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдаж байна. Олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомстол зэрэг эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний энэ цаг үеийн амаргүй сорилт болж байна. Бид нэгдмэл бодлоготой байж чадвал цар тахлыг давсан шигээ олон улсын хямралт нөхцөл байдлыг даван туулж чадна.

 

2023 оны улсын төсөв өргөн барьсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляци нэг оронтой тоо руу орж, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх үе буюу 2019 онд хүрч,  валютын ханш буурна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна.

 

2023 онд Шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.

 

Ирэх жилийн төсөвт Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ЦС зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ. 

 

Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл, хөрш орнууд болон бусад Засгийн газартай хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин илэрхийлж байна.

 

 

... 2023 оны төсөв олон жил яригдсан төсвийн реформын эхлэл цэг болох учиртай. 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа Шинэ сэргэлтийн төсөв байх болно. 

 

...2022 оны төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөг байхаар тооцож байна. Энэ нь 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулсан гэсэн үг юм. 

 

...2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртай" гэдгийг хэллээ. 

Shuud.mn
Сонин хачин