Эрх баригчдаа эсэргүүцсэн Оросын зураач таван жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2022-10-19

ОХУ-ын нийслэл Москва хотын Тверийн шүүх Улаан талбай дээр амиа хорлож байгаа мэт үзүүлбэр үзүүлж эсэргүүцлээ илэрхийлсэн зураач Павел Крисевичийг жирийн дэглэмтэй хорих ангид таван жил хорих ялаар шийтгэжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, яллагч тал ийм ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээгээгүй гэнэ.

 

Эх сурвалжийн мээдэлснээр, өнгөрсөн оны зургадугаар сарын 11-ний өдөр Крисевич Улаан талбай дээр очин,  хоосон буугаар хоёронтаа буудаж, дараа нь толгой руугаа буудаж байгаа мэтээр эсэргүүцлийн үзүүлбэр хийжээ. Түүнийг тэр дор нь саатуулан, зэвсэг ашиглан танхайрсан хэмээн буруутган, урьдчилан саатуулах газарт хорьсон байна. Харин Крисевич энэ үйлдлээ гэмт хэрэг биш, улс төрийн перформанс, хэлмэгдүүлэлтээс айх айдсаасаа салах арга байсан хэмээн мэдэгджээ.

 

Тэрбээр өмнө нь ч энэ төрлийн перформанс үзүүлж байснаараа алдартай. Тухайлбал, 2020 оны наймдугаар сард Оросын төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авах зорилготой байгууллагын гишүүдийн хэрэг гэгдэх "Новое величие"-ийн хэрэгт татагдсан хүмүүст ял сонсгож байсан Люблинскийн шүүхийн байрны шатан дээр Крисевич цагдаагийн дүрэмт хувцас өмсгөсөн манекений хоолойг зүсэж байв. Үүний дараа, 2020 оны 11 дүгээр сард Лубянка дахь Холбооны аюулгүй байдлын албаны байрны өмнө Иисүсийг дүрслэн, загалмайд хүлүүлэн гал тавиулж байжээ. Энэ үеэр түүний хүлүүлсэн загалмайн хажууд "Борис Немцовын хэрэг" зэрэг бичиг бүхий хоёр хавтас байсан гэнэ. Мөн Петербург хотноо Орос болон Беларусийн улс төрийн хоригдлуудыг дэмжих акц зохион байгуулж, ус руу үсэрч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин