
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өглөө “Тэнүүн-Огоо”ХХК-ны “Сансар-III,IV хороолол” чиглэлийн 45-07 УНА дугаарын том оврын автомашины жолооч Сансарын тунелээс доош МУИС руу уруудах замд осол гаргаж есөн суудлын автомашиныг мөргөсөн юм. Одоогоор хэргийн газарт харьяа дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл авсан таван хүнийг ГССҮТ-рүү хүргэсэн байна.Осол гаргасан том оврын автобус өглөө үйлчилгээнд гарахдаа техникийн үзлэгт орсон эсэхийг ч шалгах гэнэ. Энэхүү томоохон ослын улмаас золоор хүний амь үрэгдээгүй юм.
“Тэнүүн-Огоо” ХХК-ны үйлчилгээнд явж буй том оврын автобусууд осол гаргасан тохиолдол ойрын үед олон гарч буй. Тухайлбал Улиастайн гүүрний хойд талд УБА 91-39 улсын дугаартай “Гранд марк-2” машины УНБ 45-56 улсын дугаартай “Тэнүүн огоо” компанийн Таван шар-Баянзүрхийн товчоо чиглэлийн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн хэрэг саяхан гарч байсан. Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан хоёр хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарч байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ